Ултимат фрисби (ultimate frisbee) хэмээх тоглоом олон улсад спортын төрөл болон хөгжиж байна. Спортын үндсэн төрлүүдтэй харьцуулахад “нялх”, шинэ тутам хөгжиж буй уг төрөл нь АНУ-ын Нью Жерси мужийн Мэйплвуд дэх “Колумб” ахлах сургуулийн сурагчдын “эх барьсан” тоглоом наадгайнаас улбаатай юм байна. Эхэндээ хүүхдүүд цагийг зугаатай өнгөрүүлэхээр нимгэн, хөнгөн хавтан шидэж, хэр хол нисэхийг нь сонирхдог байсан бол 1967 онд Холливудын продюсер, “Silver рictures”-ийн эзэн Жоэл Силвер үүнийг улам хөгжүүлэхийн тулд сурагчдыг баг болон өрсөлдөхийг санал болгосноор “өсөж том” болох замдаа оржээ. Монголчуудын хувьд саяхнаас сонирхон, ялангуяа зусландаа хүүхэд, залуучууд “таваг нисгэж” байгаа нь цөөн боловч харагддаг болсон. Үүнийг нисдэг таваг, хязгаарт хүрэх хавтан гэхчлэн махчлан орчуулснаас олон улсад хэвшүүлсэн нэрээр нь фрисби гэж нэрлэх нь илүү наалдацтай байх болов уу.
Энэ нь багийн спорт тоглоом бөгөөд эхэндээ гадаа зүлэг, эсвэл элстэй талбайд тоглодог байв. Явцын дунд танхимд тоглодог болжээ. Талбайн хувьд төвийн нэг, онооны хоёр буюу нийт гурван бүс бүхий 100х37 метрийн хэмжээтэй байна. Төвийн бүс нь 64х37, онооны талбай нь 18х37 метр. Тоглогч өрсөлдөгчийнхөө бүсэд байрлах багийнхандаа фрисби буюу нимгэн, дугариг хавтангаа дамжуулах бүртээ оноо авна.
Хэрэв зүлгэн дээр өрсөлдөх бол талбайд тус бүр долоон хүнтэй хоёр баг гарна. Танхимд, эсвэл элсэн дээр тоглох тохиолдолд багийн гишүүний тоо тав байна. Хавтан буюу “бөмбөг”-ний хувьд 27.5 см диаметртэй, 175 грамм жинтэй аж. Нисдэг хавтан нь олон янз байдаг бөгөөд Олон улсын фрисбийн холбооноос туршиж үзээд зөвшөөрөл олгодог аж. Ингээд ямрыг нь хэрэглэхийг тоглолтын түвшнээс хамааран шийддэг. Дүрмийн талаар товч дурдахад, багууд бүсийнхээ хиллэх шугам дагуу жагсана. Хавтанг хамгаалагч багийнхан эхлээд шиднэ. Довтолгооны багийнхан тэрхүү хавтангийн нислэгийг таслан зогсоох, эсвэл өөрөө унатал нь хүлээх ёстой. Хэрэв довтолж буй багийн тоглогч “онгоц”-нд гар хүрсэн ч барьж аваагүй л бол хамгаалагч багт эргүүлж өгөх учиртай.
Энэ тоглоомд шүүгч байдаггүй. Тоглогчид өөрсдөө шүүгч бөгөөд санал зөрвөл харилцан тохиролцоонд хүрснээр шийдвэрлэх ёстой. Мэдээж тоглолтын туршид хөндлөнгийн ажиглагч байж, маргааныг таслахад тусална. Фрисбийн гол зарчим бий. Энэ нь “Өрсөлдөгчөө хүндлэх нь хамгийн чухал” гэсэн тодотгол гэнэ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн гэдгээр далимдуулан санаатай алдаа гаргах, бусдыг дээрэлхэхийг хатуу хориглодог, нэг ёсондоо өндөр ёс зүйн “хичээл” гэж болно. Тоглогч бүр талбай дээр өндөр хариуцлага, шударга, зөв төлөвийг үзүүлэхийг анхнаасаа дүрэм болгон баримталж ирсэн онцгой “хөөрхөн” тоглоом юм байна.
Бэлтгэсэн Э.Хана