Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурлыг ирэх сарын 8-нд зохион байгуулахаар товложээ. Өдгөө олон нийтийн дунд ид яригдаж буй, бөхийн өмсгөлийн стандарт тогтоох асуудлыг уг хурлаар хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн үндэсний бөхийн барилдааны дүрмийн зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. Ташрамд сонирхуулахад, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, “өмсдөг” мэхээрээ олонд алдаршсан Монгол Улсын заан Ц.Дамдиндоржийн мэндэлсний 90 насны ойд зориулсан барилдаан боллоо. Улс, аймгийн цолтой 128 бөх уг барилдаанд зодоглосноос Шинэ-Идэр сумын харьяат, улсын начин Ц.Сандагдорж түрүүлж, улсын начин Ч.Батчулуун үзүүрлэжээ. Их шөвөгт улсын начин А.Давааням, Б.Даваа-Очир нар шалгарав.
Бэлтгэсэн Г.Цэцэг