БНХАУ-ын эрх баригчид АНУ-тай сөргөлдөхөөс айхгүй ч харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллахад бэлэн байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэв.
Хятадын дипломат бодлогын талаарх симпозиумын үеэр “Бид сөргөлдөхөөс айдаггүй, гэхдээ бид үргэлж харилцан ажиллахыг хичээх болно. Хамтын ажиллагаа хоёр талд ашигтай, харин дайсагнах нь Хятад, Америкийн аль алинд нь хохиролтой” гэж тэрбээр хэлжээ. “Америкийн тал хоёр улсын удирдагчдын зөвшилцлийн дагуу ажиллаж, амлалтаа биелүүлнэ гэж найдаж байна” хэмээн Ван И нэмж тодотгов.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өнгөрсөн сарын 16-нд цахимаар уулзаж, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн. Үүний дараа хоёр орны удирдагчид олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд харилцан бэлэн байгаагаа илэрхийлснийг Хятадын ГХЯ-наас мэдээлжээ. Энэ нь Ж.Байден өнгөрсөн нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш хоёр удирдагчийн хийсэн анхны уулзалт юм. Үүнээс өмнө нь тэд илгээлт солилцож, утсаар ярьсан. Тэд хамгийн сүүлд утсаар өнгөрсөн есдүгээр сарын 10-нд ярьсан байна.