Монгол үндэсний хувцас судалж, дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлуулах, түүх, соёлын талаар мэдлэг олгон, сурталчлах, үндэсний хувцас, түүний загварыг хадгалан хамгаалахаар ажилладаг “Монгол костюмс” ХХК-ийнхан “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх баримтат кино бүтээжээ. Энэ киног уг байгууллагынхан, тэр дундаа захирал Б.Сувдынх нь 20-иод жилийн судалгааны ажлын үр дүн гэхээр юм билээ. Монгол хувцасны үүсэл гарал, үүх, түүх, уламжлал, өнөөгийн нөхцөл байдлын тухай өгүүлэх уг киног “Сэмүүн” студитэй хамтран бүтээжээ. Ингэхдээ түүхч, археологич, салбар бүрийн судлаач, загвар зохион бүтээгч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласны сацуу гадаадын 40 гаруй улс оронд аялан, эрэл хайгуул хийсэн байна.
Монголчуудын түүх хүн төрөлхтний нэгэн адил эрт үеэс эхтэй. Чулуун зэвсгийн үед олдсоноороо биеэ халхалж явдаг байсан бол хүрлийн үед малын үс, ноосоор төрөл бүрийн сүлжмэл, нэхмэл эдлэл хийж өмсдөг болжээ. Тэр цагаас хувцсыг хийц, хэлбэрийн хувьд, өөрөөр хэлбэл, загварын тухайд чөлөөтэй урлаж болох юм байна гэж олж харсан нь монгол хувцасны түүхийн, соёлын, загварын ч эхлэл хэмээн уг баримтат киноны эхэнд дурдаж байна билээ. Үндсэндээ монгол хувцасны түүх нь Монголын түүх ажгуу. Мөн Монголын түүх дэлхийн түүхэнд, улмаар хувцасны соёлд хэрхэн нөлөөлснийг уг бүтээлээс ойлгохоор. Бидний өвөг дээдэс хувцас урлалын талд урлагийн болоод гоо зүйн тун өндөр мэдрэмжтэй байсныг харж болно. Манай орны өнцөг булан бүрт байх хад, чулуун дээрх зураг бүхнээс тухайн үед ямархуу хувцас өмсөж байсныг мэдэж болдог аж. Археологичийн ярьж буйгаар жишээ нь, 1928 онд Тойром нуурын булшнаас олсон хувцас гэхэд цээжин хэсгийг нь тэр чигт нь цэнгэг усны дун, хясааны ясаар бүрж урласан байж гэнэ. “Монгол костюмс”-ынхан энэ мэт маш сонирхолтой түүхэн баримтуудыг хэлхэн, сүлжин бүтээсэн “Монгол хувцасны нууц товчоо” хэмээх дэлгэцийн баримтат бүтээлийг олон нийтэд хүргэхэд нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.