Он гарснаас хойш манай улсын 19 аймагт гоц халдварт шүлхий өвчин дэгджээ. Тухайлбал, Орхон, Өмнөговь болон нийслэлд уг өвчин бүртгэгдээгүй, бусад аймагт тархсан байна. Үүнээс зургаан аймагт бүртгэгдсэн нийт 104 голомтыг одоогоор хяналтад авч, хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригоос энэ талаар тодруулахад “Өдгөө 13 аймгийн 103 голомтод хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. Тухайн голомтын мал сүргээс өвчний шинж тэмдэг арилснаас хойш 42 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцалдаг. Энэ 42 хоногт дахин шинж тэмдэг илрэхгүй бол хорио цээрийг бүрэн цуцлах журамтай. Үүний дагуу өвчлөл гарсан аймгуудад хариу арга хэмжээ хэрэгжүүлж буй. Зээрийн нүүдлээр дамжин шүлхий тархсан тохиолдол цөөнгүй гарсан” гэв.
Манай улсад энэ онд шүлхийгээс гадна цэцэг, бог малын мялзан өвчин бүртгэгджээ. Вакцинжуулалтын үр дүнд эдгээр өвчнийг хяналтдаа авсан байна. Түүнчлэн үхрийн мялзан өвчин энэ жил анх удаа бүртгэгдэж, зүүн гурван аймагт тархсан. Тухайлбал, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт уг өвчний 60 голомт бүртгэгджээ. Үүнээс өдгөө 22 голомтод нь хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байгаа гэнэ.
Бэлтгэсэн М.Оч