Цар тахлын нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүдийг цагийн хязгаарлалттай (00.00 цаг хүртэл) ажиллуулж байгаа нь зөрчил, гэмт хэргийн шалтгаан болж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олон талаар дарамт учруулж буй асуудлыг хөндөж, өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Д.Амартүвшин “Үзвэр, үйлчилгээний газрууд, тэр дундаа баар, рестораны үйл ажиллагааг хязгаарласнаар орон байрны архидалт гаарлаа. Хүмүүс үйлчлүүлэх газаргүй учраас гэртээ, эхнэр, хүүхдийнхээ дэргэд архидан согтуурах боллоо. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл ихсэх шалтгаан болж байна. Өрийн дарамтад орсон газруудын дийлэнх нь нууцаар ажиллаж буй. Аливаа зүйл нууц болохын хэрээр зөрчил, гэмт хэргийн үндэс болдог” гэсэн бол бизнес эрх лэгчдийн төлөөлөл Н.Булгантамир “Засгийн газар, УОК-ын оновчгүй, “хоёр нүүртэй” шийдвэрээс болж аж ахуйн нэгжүүд өрийн дарамтад орсон. Цагийн хязгаарлалтын улмаас орлого эрс багасаж, банкны зээл, түрээсийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж хүчрэхээ байлаа. 00.00 цагаас 10 минут хэтрэхэд л цагдаа, мэргэжлийн хяналтынхан 500 мянган төгрөгөөр торгож байна. Үүнээс болж гурван удаа шүүх байгууллагын хаалга татлаа. Баар, цэнгээний газруудын хамгийн идэвхтэй ажилладаг, орлого олдог үе нь 22.00 цагаас хойш байдаг” хэмээв.
Бэлтгэсэн Ж.Сувд