Малын гоц халдварт шүлхий өвчин манай улсад нэлээд өргөн хүрээнд тархаад байна. Уг өвчний нөхцөл байдал болон хариу арга хэмжээний талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайханаас тодрууллаа.
-Он гарснаас хойш хэдэн аймаг, сумд шүлхий дэгдсэн бэ. Уг өвчний улмаас өдгөө аль аль аймагт хорио цээрийн дэглэм тогтоосон бол?
-Энэ онд 16 аймгийн 105 сумд шүлхий дэгдсэн. Үүнээс одоогоор 12 аймгийн 45 сумд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тухайлбал, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Увс, Дундговь, Дархан-Уул аймгийн зарим сумд шүлхий тархсан. Улсын хэмжээнд уг өвчний 85 голомт одоогоор идэвхтэй байгаа юм.
-Өвчилсөн малын тоо хэдэд хүрэв. Өвчний эсрэг ямар хариу арга хэмжээ авч байгаа вэ?
-Он гарснаас хойш 55 192 мал шүлхийгээр өвчилжээ. Өдгөө идэвхтэй голомтод тусгаарласан малын тоо нь 19 000 орчим. 2017 оноос өмнө манайд төдийгүй олон улсад шүлхийтэй малыг устгадаг байсан. Харин сүүлийн жилүүдэд олон улсын зөвлөмжийг шинэчилж, өвчилсөн малыг устгахаа больсон. Үүний дагуу бид өвчилсөн малыг тусгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг айлын малаас зарим нь өвчилсөн бол тэдгээрийг тусгаарлаж, тусад нь хариулна гэсэн үг. Тусгаарласан малын өвчний шинж тэмдэг арилснаас хойш 28 хоногийн дараа эдгэрсэн гэж үзэж, хорио цээрийн дэглэмийг цуцалдаг.
-Шүлхийн вакцины нөөц хангалттай юу. Хэдэн малд вакцин хийсэн бэ?
-Энэ онд 11.6 сая вакцин авч, эрсдэлтэй бүс нутгийн малд хийсэн. Энэ долоо хоногт багтаан ОХУ-аас дахин 2.5 сая тун вакцин авна. Тэглээ ч нөөц дутмаг буюу эрсдэлтэй бүс нутгийн бүх малыг вакцинжуулах боломжгүй. Тиймээс ирэх оны эхээр вакцин ахиу авахаар өдгөө төлөвлөгөө боловсруулж байгаа.
Бэлтгэсэн М.Оч