Нялх үрээ орцонд хаясан ноцтой хэрэг хэд хоногийн өмнө гарсан билээ. Тодорхой хэлбэл, энэ сарын 4-ны өдөр Буянт-Ухаа хотхоны … байрны шатан дээр нярай хүүхдээ үлдээсэн хэрэг гарсан юм. Тухайн байрны оршин суугчид хэргийн талаар цагдаад мэдэгдэж, хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж, 20 орчим хоногтой нярай болохыг тогтоосон. Улмаар цагдаагийн байгууллагаас эцэг, эхийг нь тогтоох шуурхай ажиллагааг эхлүүлсэн.
Цагдаагийнхан зургаа хоногийн дотор хэргийн холбогдогчийг олж тогтоожээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүнээс хэргийн талаар тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, нярай хүүхдээ хаясан эцэг, эхийг оллоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн" гэх хариултыг өглөө.
Хүүхдээ орхисон эцэг, эхэд хуулийн дагуу хариуцлага тооцох аж.