Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны арваннэгдүгээр сарын 24-нд улс тунхагласны баярыг тохиолдуулан Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас 40 орчим км-ийн зайд орших Коммунарка мужийн Бутово дахь дурсгалын тусгай объектод гэрэлт хөшөө босгосон билээ. Түүхэнд бараанаар бичигдэн үлдсэн 1930-1940 онд ЗСБНХОУ-д улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх талаар манай улс нэлээд олон ажил хийсний нэг нь энэ юм. Хүн ардаа хэлмэгдүүлсэн дэлхийн орнуудаас анх удаа манай улс хойд хөршид гэрэлт хөшөө босгож байв. Хөшөөний нээлтэд тухайн үеийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт, Д.Дэмбэрэл, Н.Болормаа, Д.Алтай, хамба лам Д.Чой жамц, лам Бямбажав, Элчин сайд С.Баяр болон Элчин сайдын яамны ажилтнууд оролцож байв.
Харь оронд хэлмэгдсэн монголчуудын гэгээн дурсгалд зориулан босгосон энэ гэрэлт хөшөөний анхны хийц өндөр хоёр метр, өргөн зузаан нь хагас метр хэмжээтэй бөгөөд үнэт өнгөт габро хар саарал чулуугаар Москва хотын Родина чулууны үйлдвэрт бүтээсэн. Хөшөөний зураг байр байдал ямар байх, хөрөнгийг хэрхэн шийдэх талаар Засгийн газарт асуудал тавьж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Хөшөө, баримлын уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олон бүтээлийн дундаас Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд, уран барималч Б.Хийморь нарын хийсэн эх загвар шалгарсан. Яамны газрын дарга Эрдэнэчимэг, Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан, ажилтан Энхтайван, Оюунчимэг нар эцсийн шийдвэрийг гаргаж, Улсын комисст албан ёсоор гардуулсан түүхтэй. Хөшөөний анхны зурагтай Ерөнхий сайд асан Н.Энхбаяр танилцаад санхүүгийн талаар анхаарч, Засгийн газар дэмжсэнээр гэрэлт хөшөө босгох ажлыг Элчин сайдын яаманд үүрэг болгож, ЭСЯ-ны зөвлөх П.Төмөрбаатар Гавьяат барилгачин Бат, гэрээт ажилтан Энхтүвшин нар удирдаж ажилласан. Оросын Урлагийн гавьяат зүтгэлтэн В.В.Белоусов, чөлөөт уран бүтээлч Л.И.Круляков нар гардан хийсэн.
Хөшөөг урлан хийсэн Москвагийн Родина чулууны үйлдвэрийн ажил нуур шиг усан дотор явагддаг. Бид усны хувцас өмсөж, хийж буй хөшөөнийхөө хэмжээ дээр нь кальк цаасан цоолбор тавьж, бичлэгүүдийг хянаж, элэгсэг дотно ярилцаж, харилцан санал солилцсоноор ажил хурдан бүтэж билээ. Хөшөө босгосон газраас 600-гаад метрт монгол иргэдийг буудсан, овоолоостой шороо, намаг, овгор хонхор бүхий газар байдаг. Бутовогийн энэ хүндэтгэлийн газар ой мод бүхий битүү ширэнгэд, эргэн тойрон ногоон будгаар будсан модон хашаатай, тухайн үедээ Ежовын зуслангийн өргөө байсан. Тэр үедээ зайдуу зэлүүдхэн сайхан байгальтай, ой мод шигүүтэй тэгшхэн талбай байв. Одоо энэ талбай Москва хотын Захиргааны мэдэлд байж, газрын эзэн нь үнэн алдартны сүмийн тэргүүн, их ёсорхуу сүмийн том байшиндаа буян үйлдэж өдрийг өнгөрөөдөг. Энд ажиллагсад махан хоол идэхгүй, гашуун ундаа хэрэглэдэггүй, том, жижиг олон нохой дагуулан, хар хувцас өмсөцгөөдөг. Тэд манай хөшөөг анхдагч гэдэг утгаараа “Нүдэнд их тусдаг, танай хөшөө үнэхээр сайн болсон, маш үнэтэй чулуугаар бат бөх хийсэн” хэмээн магтдаг. “Монголын Цагаатгалын байгууллагын дарга С.Оюун, Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн, Н.Энхболд нар хөшөөг хүндэтгэж мөнгө хандивласан. Монголын Элчин сайдын яам энэ талаар их санаа тавьдаг” гэхчлэн ярьсан. 2001 онд энэ хөшөөнд 34 хэлмэгдэгчийн нэрийг химийн аргаар хонхойлгон бичсэн байв.
Хэлмэгдсэн монгол иргэдийн эрүүгийн хавтаст хэргийг Оросын архивуудаас хуулбарлан авсан тоо, хэлмэгдэгсдийн нэр, овог тодорхой болсон зэрэг цаг үеийн шаардлагаас шалтгаалан уг хөшөөг 2013 онд өргөтгөсөн. Ингэхдээ хэлмэгдсэн 249 иргэний нэр, овгийг Монголоос тусгай зургаан гуулин хавтан дээр бичүүлэн цоолборлож, үндсэн хөшөөг хөндөлгүйгээр өргөтгөсөн билээ. Оросын цагаан толгойд Ө, Ү үсэг бай даггүй учир ийнхүү Монголд бичүүлэхээр болсон юм.
Хөшөө бүтээнэ гэдэг нэлээд төвөгтэй ажил. Тэр тусмаа хилийн чанадад өөрсдийн иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж, нэр төрийг сэргээж босгосон сүүлчийн өргөтгөлийг Элчин сайдын яам бие дааж хийсэн болно. Цагаатгалын ажил хариуцсан зөвлөх, цагдаагийн хурандаа Болдбаатар сайд, Л.Хангай нарын хүчин зүтгэл, санаа чилгаар энэхүү гэрэлт хөшөө эцсийн байдлаар сүндэрлэн буй болсон. Харь улсад хэлмэгдэгсдэдээ зориулж бүтээсэн хөшөөний өвөр талд 80x50x30 см хэмжээтэй шар гуулин металл хавтан дээр “Поствящается светлой памяти Монголов, репрессировонных в 1930-1940 г.г в Российской советской федеративной социалистической республике” гэж орос, монгол, кириллээр бичсэн. Москвад суралцаж буй монгол оюутнууд уг хөшөөнд хүндэтгэл үзүүлэхдээ “Хэчнээн олон монголчууд вэ. Ихэнх нь томчууд л байхдаа, хөөрхий” хэмээн эмгэнэдэг.
УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга С.Одонтуяа Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд аравдугаар сард албан ёсны айлчлал хийхдээ тус хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсөн нь цаг үетэй давхацсан чухал үйл явдал болсон. Монгол, Оросын түүхийн нэгэн гэрч болсон энэ гэрэлт хөшөө Москвагийн нэлээд хүндэтгэлтэй газарт оршдог тул Монголын төр, засгийнхан, иргэд, олон түмэн хойд хөршид зочлох, очих бүртээ хүндэтгэл үзүүлдэг уламжлал бий болжээ. Гэхдээ хөшөөн дээр бичсэн хүндэтгэлийн үгийг үл анхаарч, буруу ярих нь их боллоо. Тодруулбал, 1930-1940 оны улс төрийн хэлмэгдэлт ЗСБНХОУ-д болсон. Гэтэл манайхан ОХУ-д гэж, зарим нь ЗХУ-д гэх мэтээр хариуцлагагүй мэдэмхийрэн ярьж буйг аль аль талдаа анхаарах ёстой.
Доктор, профессор О.ЛХАГВАРЭНЦЭН