Бүх зүйлийн эхлэл болсон тэр газар... Яг шөнө дунд болох үед хаалгаа нээнэ. Ямар нэгэн онцгой увидасаар хүмүүсийг нойрноос нь сэрээн дуудаж авчирдаг ч, өглөө нар мандахад тэндээс гарсан хүмүүс юу ч санадаггүй нь сонин. Гэхдээ юу нь хамгийн сонин гээч?
Тэр газар өглөө нар мандах үед хэзээ ч байгаагүй мэт алга болчихно. Шөнөжин тэнд байсан хүмүүс ч тэр газрыг олж харахгүй.
Монголд анх удаа уншлагын театр болон циркийн үзүүлбэрийг хослуулсан “Зүүдний цирк” тоглолт энэ сарын 26-нд Улаанбаатар чуулгад тоглогдох гэж байна.
Уран уншлага, цирк хоёр нэгдэж тайзан дээр урлагийн шинэ хэлбэрийг бий болгож байгаа нь урлагийн инновацийг харуулсан цоо шинэ зүйл болж байгаа байна. “Зүүдний цирк” тоглолтод дэлхийн шилдэг циркэд тоглодог завгүй уран бүтээлчдийг тоглолтдоо урин тоглуулж байна. Эдгээр уран бүтээлчид цар тахлын улмаас эх орондоо байж таарч байгаа нь үзэгч та бүхний хувьд ч том олзуурхууштай зүйл боллоо” гэж “Улаанбаатар” чуулгын дарга, Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхсайхан тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан байна.
Ид шидийн ертөнцөөөр аялах мэт мэдрэмж төрүүлэх эл тоглолтын уншлагыг өгүүлэгч Н.Ялалт унших гэнэ. Мөн дэлхийн шилдэг нарны циркийн тайзнаа уригддаг циркчин А.Уранбилэг, Д.Лхагва-Очир, илбэчин Ц.Баярсайхан нар гайхамшигт үзүүлбэрээ үзүүлэх аж.
“Зүүдний цирк” тоглолтын ард санаачлагч А.Тэргэл, ерөнхий продюсер Л.Базарсад, зөвлөх Р.Мөнхсайхан, ерөнхий найруулагч С.Туяацэцэг, гүйцэтгэх продюсерээр Ц.Цэрэндолгор нар ажиллаж байна.