Гадаад улс дахь Монголын Элчин сайдын яамд манай оронд ирэх зорчигч, жуулчдын мөрдөх тусгаарлалтын журам, тавигдах шаардлагын талаар зөрүүтэй мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбоо эл асуудлаар ГХЯ болон УОК-т ханджээ. Үүний үр дүнд жуулчид, зорчигчдын аюулгүй байдал, баримтлах дүрэм, журамтай холбоотой мэдээллийг Элчин сайдын яамдад нэгдсэн журмаар түгээх шийдэлд ГХЯ хүрсэн байна. Одоо мөрдөж буй журмаар бол гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд дараах шаардлагыг тавьж байгаа аж.
- Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсанаас хойш 14 хоног болсон, эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд “Ковид-19”- өөр өвчлөөд эдгэрсэн, үүнийгээ баримт бичгээр баталгаажуулсан байх. Энэ тохиолдолд ажиглалт, тусгаарлалтаас бүрэн чөлөөлөх гэнэ.
- Вакцины бүрэн тун хийлгээгүй, дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй, сүүлийн дөрвөн сараас өмнөх үед коронавирусээр халдварласан зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
- Жуулчид Монгол Улс руу зорчихоос 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх ёстой ба сөрөг хариуг баримт бичгээр заавал нотолно. Эерэг гарсан бол бусдад халдвар дамжуулах идэвхтэй хугацаа өнгөрсөн тохиолдолд л (эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, бичгийг харгалзана) хил нэвтрүүлнэ.
- Агаарын болон авто замын боомтоор нэвтэрч буй, 0-5 насныхнаас бусад бүх зорчигчоос давтан PCR шинжилгээ авч, хариуг нь баталгаажуулна.