Иргэдэд экологийн боловсрол олгох, шувуу ажиглах соёлыг сурталчлан таниулах зорилготой “Визгүй аялагчид” клуб үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үүнтэй ижил зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага манай улсад цөөн. Хамгийн идэвхтэй нь Монголын шувуу хамгаалах төв, Шувуу ажиглагчдын клуб юм. Эдгээр нь бүх насныханд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд гишүүнчлэл нь нээлттэй. Харин “Визгүй аялагчид” байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутнуудад зориулсан хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлэх гэнэ. Тэрчлэн зөвхөн хот орчмын ногоон бүсэд нутагладаг жигүүртнүүдийг танин мэдүүлэх аж. Шинэ клубийнхэн шувуу ажиглах хамгийн анхны аяллаа Хан-Уул дүүргийн XII хорооны нутагт орших Сонгинын амралт орчимд хийжээ. Тэд дөрвөн км орчим замыг хоёр цагт туулахдаа Монголд өвөлждөг 29 зүйлийн шувуу бүртгэсэн байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл