Монголын ипотекийн корпорацаас санаачлан БХБЯ болон бусад байгууллагыг оролцуулан “Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Ипотекийн зээл авсан иргэдийн 77 хувь нь 60 хүртэлх ам метр талбайтай орон сууцтай аж. Түүнчлэн нийт зээлдэгчийн 59 хувь нь хоёр сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой бол сард дунджаар 521 000 мянган төгрөг төлж буй гэнэ. Орон сууцын санхүүжилтийн тогтолцоо нь ипотекийн зээлийн хөрөнгийг шийдвэрлэдэг, дамжуулан олгодог байгууллагуудын асуудал биш гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Уг хөтөлбөрийн тусламжтайгаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ хүн амын өсөлтийг харгалзан хотыг зөв төлөвлөх боломж бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Мөн санхүүгийн салбарын чадавхыг ч орон сууцжуулах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буйгаар нь тодорхойлж болдог цогц систем гэдгийг МИК компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга илтгэлдээ онцлов. Цаашид ипотекийн зээлийн зургаан хувийг хүүг хэвээр хадгалах бөгөөд хэрэв нийт зээлийн хүү арилжааны банкуудынх руу шилжсэн тохиолдолд хүүгийн татаасыг тодорхой нэгэн институт олгодог механизм бүрдүүлбэл зохихыг мэргэжилтнүүд дурдлаа. Ингэснээр хөрөнгийн зах зээлд нэгэн төрлийн бүтээгдэхүүн бий болж, хөрөнгө оруулалт татан, улмаар санхүүжилтийг нэмэгдүүлж, илүү олон өрхийг орон сууцжуулах гэнэ.
Үүнээс гадна ирэх оны нэгдүгээр сараас урьдчилгаа төлбөрийн 20 хувиа бүрдүүлж, орлогын болзол хангасан өрх бүрт ипотекийн зээл олгох боломж нээлттэйг БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газраас мэдээллээ.
Бэлтгэсэн С.Цэрэнй