Монгол Улсад Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн их чуулган өнөөдөр боллоо. Энэхүү чуулганаар Монгол улсын шинжлэх ухааны салбар тэр дундаа Шинжлэх ухааны академитай болсноор эрдэмтэн судлаачид улс орны хөгжилд ямар түүхэн үүрэг гүйцэтгэснийг, түүнчлэн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилтын тухай эрдэмтэн, судлаачид хэлэлцлээ.
Мөн энэ үеэр салбарын дараагийн 10 жилийн хөгжлийн зорилго, зорилтыг ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл дараах байдлаар тодорхойлсноо танилцуулав.
Тодруулбал:
- Шинжлэх ухааны салбарыг санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох
- Шинжлэх ухаан судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2025 он гэхэд 2.5 хувьд хүргэх,
- Гадаад санхүүжилтийг нэмэгдүүлэх
- Хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр шинжлэх ухааны ажилтны тоог нэмэх, залуу боловсон хүчнийг дэмжин ажиллах, салбарын ажилтын цалин, хангамж нийгмийн баталгааг сайжруулах,
- Лабораторийн чадал, хүрэлцээг нэмэгдүүлэх, нягтрал бий болгох,
- Төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа дээшлүүлэх
- Их өгөгдөлд суурилсан үндэсний мэдээллийн санг бүрдүүлэх,
- Шинжлэх ухаан технологийн салбарын ажилтны орлогыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх
- Шинжлэх ухаан технологийн кластер байгуулах
- Дундын оффис, бизнес инкубатор, технологийн бирж байгуулах зэрэг зорилтыг дэвшүүллээ.
Мөн энэ үеэр ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ “Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг 3 жилийн өмнөөс төлөвлөдөг болох, салбарын хүрээлэнгүүдийн лабораториудыг их сургуулиудтай нягт хамтын ажиллагааг бий болгох, эрдэм шинжилгээний ажилтныг их сургуулиудын магистр, докторонтурын эрдэм шинжилгээний ажилд оролцуулах, хүрээлэнгүүдэд их сургуулийн түшиц тэнхимүүдийг бий болгох, улмаар шинжлэх ухааны ахисан түвшний сургууль байгуулах асуудлыг шийдэх шаардлагатай" гэдгийг онцоллоо.
Энэхүү хүндэтгэлийн чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ "Төр засгийн бүх шатны байгууллагууд тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон түмний сэтгэлд нийцсэн шийдвэр гаргадаг байхад УИХ онцгойлон анхаарч байна. Энэхүү үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачид маань санаачилгатай, идэвхитэй оролцож, манлайлан ажиллахыг уриалъя. Монгол Улсын шинжлэх ухааны академийн 60 жилийн ойн түүхт өдөр эрхэм хүндэт судлаач, эрдэмтдэд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.
Мөн энэ үеэр Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахимаар мэндчилгээ дэвшүүлэв. Түүний хэлсэн үгнээс онцолбол, "Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт онцгойлон анхаарч байгаагийн нэгэн илрэл бол ШУА-ын Тэргүүлэгчдийн газар, Судар бичгийн хүрээлэнгийн жишиг барилга байгууламжийг байгуулж, 100 жилийн хугацаанд анх удаа өөрийн гэсэн байртай болсон явдал юм. Өнөөдөр шинэ байрандаа Хүндэтгэлийн их чуулганаа хийж байгаад таатай байна.
Дараагийн бүтээн байгуулалт бол Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4.8 га 74,300 мкв талбай бүхий үндсэн 7 хэсэг барилга байгууламж юм. Энэхүү бүтээн байгуулалт нь Монголын анхны шинжлэх ухааны парк болох бөгөөд Энэ парк нь 3300 орчим эрдэмтэн судлаачид, албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инноваци, танин мэдэхүйн чиглэлээр ажиллах юм. Уг бүтээн байгуулалтыг боловсрол шинжлэх ухааны яамнаас 2 жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна.
Миний бие эрхэлсэн сайдын хувьд төрийн өмчийн шинжлэх ухааны хүрээлэн бүрт зочилж, тулгамдаж байгаа асуудал бүртэй танилцаж, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар илэн далангүй ярилцаж, ойлголцсон. Үүнээс нарийвчилсан бодлого боловсруулаад байна. Энэ хүрээнд Тархи, сэтгэл судлалын үндэсний хүрээлэн, Дулаан техник, үйлдвэрлэлийн, экологийн хүрээлэн, Ой модны сургалт, судалгааны хүрээлэнг хүрээлэнг улсын төсвөөс санхүүжүүлж, эрдэм шинжилгээний байгууллагын орон тоог 100 гаруй хүнээр нэмсэн нь “Алсын хараа-2050”-д эрдэм шинжилгээний ажилтны орон тоог 2 дахин нэмэхээр зорилтыг хэрэгжүүлсэн ажил боллоо.
Цаашид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг үр өгөөжтэй өрнүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, “Цахим үндэстэн” зэрэг шинжлэх ухаанд суурилсан томоохон бодлого хөтөлбөрийг бодит байдал болгоход шинжлэх ухааны салбарынхан манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.