Зах зээлийн багтаамж, эрсдэлийг тооцоололгүй хөнгөн хуумгай хөдөлснөөсөө болоод онохоосоо алдах нь, ашиг олохоосоо гарз хохирол амсах нь олонтоо. Эцэс сүүлдээ төр нь ийм алдаа гаргадаг болов. Оновчтой бодлого, зохицуулалт төдийхнөөр дээрээс нь шийдэх боломжтой асуудалд хэт хутгалдаж, бусад (энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд)-ын өмнүүр хөндөлсөх нь олшров. Үүний тод жишээ нь Мэдээллийн технологийн төв байгуулах санаачилга.
Манай улс цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим үндэстэн болох уриалга дэвшүүлээд буй. Үүний хүрээнд болсон, болоогүй олон арга хэмжээ зохион байгуулсаар ирэв. Бас цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүний нэг нь Мэдээллийн технологийн төв. Тус төвийн үйл ажиллагааны гол чиглэл нь хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх гэнэ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал (ICT leadership forum-2021)-д оролцохдоо энэ талаар танилцуулсан юм. “Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчейн зэрэг орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахын тулд ийм төв байгуулах зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлов. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Зүүн Азид технологиор манлайлагч орноос тусламж авахаар болж, БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Хүн амынх нь зонхилох хэсгийг залуучууд эзэлдэг, алслагдсан дүүрэг, хороог сонгож, энэ төвийг байгуулахаар төлөвлөжээ. Барилгын ажлыг ирэх жилийн сүүлчээр эхлүүлж, 2023 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. БНСУ-ын мэргэжилтнүүд тус төвийн үйл ажиллагааг чиглүүлж, дөрвөн жилийн турш зөвлөхөөр ажиллахаар болжээ. Үндсэндээ Мэдээллийн технологийн төв байгуулах санаачилга ажил хэрэг болох замдаа шуударсан гэсэн үг.
Хиймэл оюун ухаан (artificial intelligence гэдэг нь хүний сэтгэхүйг дуурайлгасан технологийн хувилбар бөгөөд аливаа үйлдлийг гүйцэтгэхдээ амжилттай болох магадлалыг дээд зэргээр тооцоолдог ухаалаг систем) бол яах аргагүй хүн төрөлхтний гайхамшигт ололтуудын нэг. Энэ технологи боловсронгуй болж, хөгжихийн хэрээр хүний оролцоогүйгээр олон зүйлийг хийх боломж бүрдсэн. Зарим судлаач “Хиймэл оюун ухаан хөгжих тусам хөдөлмөр эрхлэх хүний тоо мянга, мянгаар багасаж, зарим салбарт боловсон хүчин шаардлагагүй болно” хэмээн сөрөг талаас нь дүгнэж буй ч дэлхий нийт цаг хугацаа, хөрөнгө хүч, хөдөлмөр хэмнэдэг, бүтээмжид суурилсан эл технологийн шийдэл рүү хошуурсан хэвээр байна. Хиймэл оюун ухаан судлал эрчимтэй хөгжиж, тус чиглэлээр мэргэшсэн залуус хамгийн үнэ цэнтэй “капитал” болж хувирав. Энэ утгаараа Монголд ухаалаг агент (өөрөөр ингэж нэрлэдэг) судлалыг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлага мэдээж бий. Гэхдээ улсын төсөвт дарамт учруулан, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын ажлыг булаацалдан, өмнө нь “гишгэн” байж тусгаар газар байгуулах нь хэр оновчтой вэ гэдэг асуулт эрхгүй төрж байна.
Өдгөө манай улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн сургууль цөөнгүй бий. Мөн энэ чиглэлийн үйл ажиллагаатай сургалтын төв олон. Эдгээр нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага, хөгжлөө дагаад хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан хичээлүүдийг сургалтын хөтөлбөртөө тусгасан. Гэвч шинэ тутам хөгжиж буй шинжлэх ухаан, суурь бааз, туршлага дутмаг учраас хангалттай хэмжээний мэдлэг, ур чадварыг залуучуудад олгож чаддаггүй аж. Тиймээс энэ чиглэлд сонирхолтой, цаашид мэргэших хүсэлтэй залуус Япон, Солонгос, Энэтхэг, Америк зэрэг хөгжингүй орныг зорихоос аргагүйд хүрдэг гэнэ.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн мэдээллийн технологийн хөтөлбөрийн ангийг өнгөрсөн жил төгссөн Б.Ариунхишиг мөн ийм сонголт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр “Хиймэл оюун ухааныг илүү гүнзгий судлахын тулд Энэтхэгт суралцахаар төлөвлөсөн. Коронавирусээс болоод хойшлуулаад байна. Амжвал 2022 оны намар, үгүй бол дараа жилийнх нь хавар явна. Интернэтийн тусламжтайгаар анхан шатны мэдлэг, ойлголттой болсон. Гэхдээ ажлын талбарт гарахад хангалттай хэмжээний туршлага, чадвар байхгүй. Их сургуульд энэ талаар мэдээлэл өгөх төдий л хичээл ордог. Үнэхээр сонирхсон, гадаад хэлтэй оюутнууд л бие даан судалдаг. Хиймэл оюун ухааны судалгаагаар докторын зэрэг хамгаалсан монгол судлаач Германд байдаг юм билээ. Үүнийг сонсоод энэ чиглэлээр мэргэшихээр эргэлт буцалтгүй шийдсэн” хэмээн ярьсан юм. Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр мэдээллийн технологийн салбарын хөгжлөөс хэр зэрэг хол гээгдсэн нь эндээс маш тодорхой харагдаж байна. Сургалтын орчин, материаллаг бааз бий ч энэ чиглэлийн туршлага, ур чадвар алга. Төр үнэхээр энэ салбарыг хөгжүүлж, хиймэл оюун ухааны нууцад “нэвтэрсэн” чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр зорьж байгаа бол их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр (мэдээллийн технологийн)-ийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Бүгдийг нь биш юм гэхэд улсын нэр хүндтэй, томоохон сургуулиудаас энэ шинэчлэлийг эхлүүлэх нь зүйтэй мэт санагдлаа.
Их, дээд сургуулиудад үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж үзвэл мэдээллийн технологийн сургалт, судалгааны суурин баазуудыг ийм зориулалтаар ашиглаж, хөгжүүлэх бүрэн боломжтой. Тухайлбал, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд байгуулсан, төрийн өмчийн, ашгийн бус байгууллага гэгддэг Мэдээллийн технологийн үндэсний парк энэ шаардлагад зүй ёсоор нийцнэ. Угаасаа үйл ажиллагааных нь гол чиглэл нь мэдээллийн технологийн хөгжилд суурилсан старт-ап бизнесийг хөгжүүлэх, гарааны компаниудыг дэмжих шүү дээ. Эсвэл нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын үйл ажиллагааны цар хүрээг ийм байдлаар өргөтгөх боломж бий. Тус байгууллагынхан гол зорилгоо “Шинжлэх ухаан, технологийн салбарт гарсан өөрчлөлт, шинэчлэл, шийдлийг ашиглан нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх” хэмээн тодорхойлсон нь мөн л энэ салбартай салшгүй уялдаатайг илтгэж байна. Энэ хувилбаруудыг дурдсан нь бидэнд байгаа боломжийг сануулах гэсэнтэй холбоотой. Ямар нэг ажил хийх болохоор, техник, технологи нутагшуулна гэхээр төсвийн хөрөнгөөр байшин сав барьдаг, дотоод нөөц боломжоо олж хараагүй атлаа гадаадаас юу юугүй туслалцахүсдэг тогтолцооны гажуудлыг юуны түрүүнд засах хэрэгтэй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн их хөндөж, ярьж байгаа сэдэв нь цахим шилжилт. Үүний гол зорилгыг аливаа ажил, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаашлаад төрийн албаны данхар бүтцийг хумих, хүнд суртал, төвөг чирэгдлийг бууруулах хэмээн тодорхойлоод буй. Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачилсан Мэдээллийн технологийн төв байгуулах төсөл энэхүү зорилготой харшилдаж байна. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, сургалт, судалгааны үй олон байгууллага байсаар атал Засгийн газрын хэрэгжүүлэгч агент лаг нь “Бид дэлхий нийтийн жишгээр чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ” хэмээн дайрах нь цагаа олоогүй муйхарлал гэлтэй.
Бэлтгэсэн Ж.Мишээл