Монгол Германы хамтарсан археологичдын баг Уйгарын нийслэл Хар балгасын ордон хотоос нарийн хийц, зохион байгуулалт бүхий худаг, модон эдлэлүүдийг 2018 онд илрүүлж байсан билээ.
Худаг нь боржин чулууг зургаан тал гарган өрсөн өвөрмөц хэлбэртэй. Нэг чулуу нь хагас тонн орчим жинтэй. 12 үе бүхий боржин чулуун өрлөг болон ус нөөцлөх тасалгаатай. 13 орчим метрийн гүнтэй. Хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай худаг байсныг тогтоож байв.
Эдгээр олдворууд одоо Хархорум музейд хадгалагдаж байгаа бөгөөд Трихалос сахарын уусмал ашиглан бэхжүүлэх туршилт амжилттай болсон байна. Энэхүү туршилтын үйл ажиллагаатай өчигдөр Монгол Германы судалгааны багийн төлөөлөгчид танилцаж. хадгалалт хамгаалалтад шаардлагатай сахарын уусмал, сахар хэмжигч багаж, танака зуух, сэнс зэрэг зарим багаж, тоног төхөөрөмж, бодис хэрэглэлийг музейд хандивлажээ.
Мөн энэ үеэр судлаачид археологийн малтлагаар илэрсэн органик эдлэлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, Хархорум хотыг сурталчилсан олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх тал дээр нягт хамтран ажиллах санал солилцов.