Улаанбаатар хотод борлуулж буй сайжруулсан түлшний шуудайны нөөц дууссанаас 100 кг-аар савлан, иргэдэд борлуулж байсан. “Эрээний боомтыг хаасантай холбоотойгоор шуудай татан авч чадахгүйд хүрсэн. Манай улс түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас зайлшгүй урд хөршөөс авдаг” гэж өмнө нь “Тавантолгой түлш” компаниас мэдээлж байв. Тэгвэл сайжруулсан түлшний шуудай дахин “тасрахгүй” гэж тус компаниас өчигдөр мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн баасан гарагт 800 000 шуудай оруулж иржээ. Түүнчлэн удахгүй дахин нэг саяыг авчрахаар болсон гэнэ. Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд одоогоор сайжруулсан түлшний 44 228, барьцалдуулагчийн 230 000 тонн нөөц бий аж. Мөн түлш борлуулах 550 цэг ажиллаж байна.