Буруу үг, үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх нь соёлт хүмүүний ухамсар, сэтгэхүйн нэгэн илрэл. Үүнийг хүн чанарын үзүүлэлтийн нэг хэмжүүр гэх нь бий. Угаас хүн төлөвших явцад суух ёстой чадвар ч гэдэг. Гэхдээ орчин цагийн хүмүүс дунд, тэр дундаа Монголын “од, тод”, олны танилуудад эл төлөвшил алдагдсаныг илтгэх жишээ олон. Хүн алдаж болно, хамгийн гол нь буруугаа чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, уучлал хүсэх нь хүндлэлийн хэлбэр юм. Албан тушаалтнууд, олонд танигдсан хүмүүс буруу үйлдлийнхээ төлөө уучлал гуйдаг соёл олон улсад түгээмэл. Магадгүй эхэндээ япончуудаас “хуулбарлаж” олны өмнө, камерын урд бөхийж, сөгдөж уучлалт эрэх нь “гоё” ёс төдий байсан бол өдгөө соёл болон дэлгэрч байна. Манайхны хувьд харин хэлбэрдэлтийн шилдэг жишээ нь энэ болчихжээ. Угтаа бол буруу үг, үйлдлээ ойлгож, гэмшиж буйн илэрхийлэл байх ёстой атал аргагүй эрхэд олон түмний “шахаас” хараал, хэрүүлийн доор “уучлалт гуймар” болдог өнгөн далдлалт Монголын “одуудын” дунд түгээмэл байна. Буруугаа ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй бол “Уучлаарай” нэртэй жүжиг тоглох шаардлага байна уу. Бүр зарим нэгэн “одын” хувьд уучлалт гуйгаад байна уу, сүрдүүлээд байна уу гэдэг нь ч ойлгомжгүй. Тодорхой хэлбэл, миний буруу гээд байгаа мэт элдэв юм ярьж байснаа гадаадаар “үглээд” “Өө, майя гоод” гэж ундууцсан өнгөөр “би буруугүй” гэчихдэг Ука буюу Д.Уламбаярын жишээ манай “уучлал эрэгсдийн” дунд түгээмэл байгаа нь олныг бухимдуулах болов. Дуучин С.Сэрчмаа хүчирхийллийг дэмжиж инээсэндээ цахим хуудсаараа дамжуулан хүлцэл өчихдөө “…Бачка ахын ярьсныг тасдаж аваад сэвжээ” гэж өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүсийг “хөөрхөн чимхсэнээ” угаас инээд муутай би юу ярьж байгааг нь ойлголгүй л инээгээд байсан гэхчлэн тайлбарласан байна лээ. Уг нь бол уучлалт хүсэж байгаа албан ёсны захиа нь гэж ойлгосон. Тэгтэл хэзээний л “маазарсан” өнгө аястай.
Ажлын талбартаа үүргээ гүйцэтгэж явсан эмч нас барсан харамсалтай явдал тохиолдсон нь саяхан. ЭМЯ эмгэнэл “илэрхийлжээ”. Талийгаачийн төлөөх харуусал гэхээсээ “Бидний буруу байхгүй” гэж арьсаа хамгаалсан мэдэгдэх хуудас байсныг “эмгэнэл” гэсэн тодотголтой зүйлээс иргэд ойлгосон. Ийм хүнлэг бус хандлагыг нь иргэд шүүмжилсэн. Ерөөс манай нийгэмд хөдөлж, хийхээсээ өмнө боддоггүй, сэтгэлийн хөөрөл “дуудлагаа” дагаж зоргоороо донгосдог муухай зуршил тогтжээ. Тэгээд зогсохгүй бусармаг үйлдлийнхээ төлөө уучлалт гуйдаг бус, унтууцаж тайлбар хийдэг муйхар хэвшил ч бий болсон байна. Хэдхэн хоногийн өмнөх нэг үйл явдал өнөөдөр хүмүүсийн дургүйцлийг төрүүлэв. Киноныхоо сурталчилгааг ил цагаанаар УИХ-ын танхимд хийсэн жүжигчин Г.Ундармаа уучлалт гуйна гэж мөн л “гурилдчихлаа”. Албан бичиг хөтлөх журам гэж бий. Угтаа бол нэг төрлийн соёл юм. Хүн төрөлхтний бахархам соёлын нэг шүү дээ. Гэтэл цайгаа уугаад хуучилж байгаа мэт “ингэсэн, тэгсэн” гэж элдвийг хамж шимэн бичсэнийгээ албан ёсоор уучлалт гуйлаа, сэтгэлээ илэрхийлэн захидал илгээлээ гэж бодох нь утгагүй. Ийм наад захын соёлгүй, соёлжихыг хүсдэггүй “одууд” нийгэмд оюун санааны хүчирхийлэл үйлдэхээ зогсооно уу. Та бүхнийг харж, биширдэг хүүхэд, залуучуудад үлгэрлэлгүй хандаж байгаа чинь л хүчирхийлэл мөн. Угтаа бол уучлалтыг чин сэтгэлээсээ хүсэхгүй бол дараа болчимгүй үйлдлээ давтана гэсэн үг.
Японы Кобэгийн их сургуулийн сэтгэлзүйч Ёсүкэ Отсүбо 20 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хэрхэн уучлалт гуйдаг талаар судалжээ. Үүндээ үндэслэн уучлалт гуйхад хэрэгтэй зөвлөмж-зааварчилгаа боловсруулсан байна. Таван зарчимд тулгуурлах уг зөвлөмжид дурдсанаар “Уучлалтыг “баярлалаа” гэж эхэл. Энэ нь “ойлгосонд баярлалаа”, эсвэл “тэвчээртэй байгаад баярлалаа” гэсэн утгатай, нөгөөтээгүүр, харилцагчаа хүндэлж байгаагийн илэрхийлэл” гэсэн байна. Үүний дараа анхаарах зүйл нь алдааныхаа талаар тайлбар хэлэхгүй байх зарчим бөгөөд энэ нь хүмүүсийг улам бухимдуулахгүйгээр хүндэлж буйгаа илэрхийлэх арга гэнэ. Тэрбээр “Урт удаан харилцаа тогтоохыг хүсэж байвал зөв бөгөөд чин сэтгэлээсээ уучлалт гуйх нь чухал” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Ингэхдээ үг, үйлдлээсээ ичиж байгаагаа тодорхой харуулах ёстой. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хариуцлага гэдгийг ойлгох ёстойг мөн зөвлөжээ.
Америкийн дуучин Жастин Тимберлейк өнгөрсөн хоёрдугаар сард цахим хуудсаараа дамжуулан Бритни Спирс, Жанет Жексон нараас уучлалт гуйжээ.
“…Би ялангуяа Бритни Спирс, Жанет Жексон нараас уучлалт гуйхыг хүсэж байна. Миний үг, үйлдэл эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, хүйсийн тэгш бус хандлага, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэхэд хувь нэмэр болж, турхирсан бол гүнээ хүлцэл өчье…” гэсэн байна. Түүний уучлалт гуйсан байдлыг манай “одуудын” тайлбартай харьцуулах үүднээс энэ жишээг авлаа. Тиймээс чухам ямар учраас уучлалт хүсэх болсныг дэлгэрүүлсэнгүй, ямартай ч тэгэх шалтгаан байжээ. Жастин Тимберлейкийн хэлсэн үгний эсрэг эдгээр бүсгүй дургүйцэж олон тайлбар хийсэн бөгөөд үүнийг нь харин сөрсөн “базаа” хийлгүй буруугаа хүлээсэн нь зөв жишиг юм.
Бэлтгэсэн Ж.Эрдэнэ