УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр болсон ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тэд Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тус бүлгийн дарга Д.Ганбат “Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй ч хууль, эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай. Даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Сангийн сайд нь лав дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байсан.
Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс цагдаа, иргэдийн хооронд эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл хэдийн бий болсон. Иймд уг хуулийн төслийг боловсруулах, нээлттэй хэлэлцүүлэг явуулах талаар судалгаа хийж байна. Мөн нээлттэй сонсгол зохион байгуулахаар гишүүдээс гарын үсгийг нь цуглуулж байгаа” гэв.
Мөн тэрбээр “Энэ долоо хоногт УИХ ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэнэ. Тиймээс койнд зохицуулалт хэрэгтэйг анхааруулъя. Хоёр их наяд гэж яриад байгаа ч албан бус дүнгээр найман их наяд төгрөгийг койнд оруулчихаад байна. Энэ бол ард түмний мөнгө. Үүнийг хянах, зохицуулах хуулиа яаралтай батлах хэрэгтэй. Энэ их мөнгийг дараа нь төр хариуцахгүй гэж яриад суугаад байж болохгүй” хэмээсэн юм.
Бэлтгэсэн Б.Уран