Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн нэр зүүгээд Засгийн газарт өргөн барьчихав. Өөрөөр хэлбэл, эрх баригчид Нийгмийн даатгалын ерөнхий хуульд “гар хүрэх” гэж байна. Эл хуулийг 1994 онд баталснаас хойш, 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсгийнхний мэдээлснээр эл хуулийн төслийг орон нутгийн нийгмийн даатгалын байцаагч нар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагад хүргэсэн гэнэ. Мөн олон нийтээс санал авахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудсанд аль зургадугаар сараас хойш байршуулжээ. Хэдий тийм боловч иргэд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн талаар сайн ойлголтгүй, үндсэндээ юу ч мэдэхгүй шахам байна.
Уг хуулийн төслийг энэ сард УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх цаглавар гарчээ. Улмаар УИХ-ын parliament.mn цахим хуудсанд Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг нэгбүрчлэн байршуулсан харагдсан. Тиймээс хуулийн төсөлд таны амьдралд сөргөөр нөлөөлж мэдэх заалт байна уу, бас сайшаалтай зохицуулалт орсон уу гэдгийг шүүж харахыг хүсье.
Манай улсын ажиллах хүчний 77.5 хувь нь нийгмийн даатгал төлдөг аж. Гэхдээ олонх нь насаараа нийгмийн даатгал төлсөн ч үр шимийг нь хүртэж чадахгүйгээ илэрхийлдэг. Тодорхой хэлбэл, иргэд цалингийнхаа 17 хувийг даатгалд тушаадаг. Гэсэн ч тэтгэвэрт гарсан хүмүүсийн 80 орчим хувь гар дээрээ хамгийн бага хэмжээ буюу 350 мянган төгрөг авдаг бөгөөд шулуухан хэлэхэд ядуусын эгнээнд шилждэг байна. Тийм атал төр нийгмийн даатгалын шимтгэлийг энэ онд хоёр хувиар нэмж, иргэдийн нуруун дахь ачааг улам хүндрүүлсэн юм.
Монгол хүний дундаж наслалт бага байгаа нь нийгмийн сөрөг үзэгдэл болоод буй. Уг асуудлыг Засгийн газрын бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлагатайг Жендерийн үндэсний хорооноос мэдэгдсэн удаатай. Өөрөөр хэлбэл, монгол хүн, тэр дундаа эрэгтэйчүүд ажиллах хугацааныхаа турш шимтгэл төлсөн ч тэтгэвэрт гараад л төд удахгүй нас бардаг гэх судалгааны дүн ч бий.
Гэтэл малчид, хуваариа хөдөлмөр эрхлэгчдийн олонх нь нийгмийн даатгал төлдөггүй. Харин улстөрчид сонгуулиар санал авах үүднээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталсан. Ингэснээр 10 жил ажил хийгээгүй иргэд багахан хэмжээний мөнгө төлөөд л нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжийг нээж өгсөн. Эл хуулийг хэрэгжүүлэх хугацаа энэ жил дуусах учиртай. Тэгвэл шинэчлэн найруулсан төсөлд малчдын нийгмийн даатгалыг таван жил төрөөс заана гэх заалт оруулжээ. Хуулийн зүйл заалтууд нийт иргэний эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэй улс төрийн намын дараагийн сонгуульд ялах “гарц”, УИХ-д гарах “шат” болсоор ирсэн муу жишгийг хуулиа шинэчлэхдээ ч арилгаагүй гэсэн үг.
Түүнчлэн өнөөгийн Нийгмийн даатгалын тухай хууль зарим мэргэжлийнхэнд ашигтай байдаг. Тодорхой хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, гаалийн байцаагч, дипломат албаныхан, цэргийнхэн, тэр дундаа генералууд өндөр цолны нэмэгдэл авдаг. Мөн тэтгэвэрт гарахдаа цалингийнхаа 60-80 хувийг сар бүр авдаг нь Нийгмийн даатгалын санд мэдэгдэхүйц хэмжээний дарамт учруулдаг аж.
Иргэнд ажил олгогчоос нь өгч буй автобусны мөнгөнөөс төр хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл авдаг. Тухайлбал, иргэний өглөө, оройд автобусанд суух 1000 төгрөгөөс нь 400-г нь “залгиж орхидог”. Мөн тухайн иргэн автобусны картаа цэнэглэхдээ 10 хувийн татвар төлдөг. Харин алдар гавьяатай хүмүүсээ төр хэдэн арван сая төгрөгөөр урамшуулдаг. Жишээ нь, олимпын наадам, ДАШТ-д амжилт гаргасан тамирчдад сар бүр 2-8 сая төгрөг олгодог журам бий. Эл урамшууллыг нь олгохдоо ямар нэгэн татвар, шимтгэл авахгүй байхаар уг хуулийн төсөлд оруулсан гэнэ.
Уг нь энэ мэт асуудлаа хуулийг шинэчлэн найруулахдаа засаж сайжруулах ёстой байтал дордуулжээ. Гэтэл хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь шаргуу хөдөлмөрлөж буй иргэдээс илүү их татаас авах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх тусам эрх зүйн байдлыг нь дордуулах заалттай болсон хэмээн эсэргүүцэх хүмүүс ч бий. Тухайлбал, тэтгэврийг таван жилийн дунджаар тооцож тогтоодгийг 10 жил болгохоор хуулийн төсөлд тусгажээ. 10 жилийн хугацаанд нийгэмд олон зүйл өөрчлөгдөх магадлалтай. Наад зах нь мөнгөний ханш суларна, хувь хүн ажлаасаа гарна, хэсэг хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байж болно гэх зэргээр юу ч тохиолдохыг үгүйсгэхгүй. Энэ нь тэтгэврийг багаар тогтоох, улмаар тухайн хүн хөдөлмөрлөснийхөө үр шимийг дорвитой хүртэхийг хязгаарласан агуулгатай гэсэн үг.
Энэ мэт заалтууд нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нийгмийн даатгал тэгш төлөх, ижил хуваарилах зарчмаас гажуудсаныг бэлхнээ илтгэнэ. Улмаар нийгмийн даатгалын шударга бус тогтолцоо цаашид ч үргэлжлэх нь. Түүнчлэн “Ажлын хэсгийнхэн хуулийн төслийг боловсруулахдаа хөдөлмөр эрхлэгч, ажиллах хүчний саналыг тусгаагүй. Тиймээс зүйл заалтууд нь хөдөлмөр эрхлэгчдийг ялгаварлан гадуурхсан, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай харш болсон” гэж байр сууриа илэрхийлсэн судлаачид ч бий. Өөрөөр хэлбэл, нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг тэгш төлөх, ижил хуваарилах үндсэн зарчмаа, иргэнийг баяжуулах бус, нийгмийн хамгааллыг нь баталгаажуулна гэсэн гол ухагдахуунаа хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ч тусгаж чадаагүй аж.
Тиймдээ ч нийгмийн даатгалын эрх зүйн орчныг сайжруулъя хэмээн судлаачид, эдийн засагчид, хөдөлмөр эрхлэгчид, бизнесменүүд чангаар дуугарч эхэллээ. Дээр бичсэнчлэн өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Нийгмийн даатгалын тухай ерөнхий хууль алдаа, завхрал ихтэй. Шинэ хуулийн төсөл нь ч учир дутагдалтай атал УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо уг төслийг энэ сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ. Товчхондоо, төрийн олон албан хаагч, хувийн хэвшлийнхэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн ч ирээдүйг нь үл хамгаалж чадах Нийгмийн даатгалын ерөнхий хуультай болох бололтой.