Шотландын Глазго хотод болсон НҮБ-ын уур амьсгалын олон улсын дээд хэмжээний уулзалтад (COP26) оролцогчид 2030 он гэхэд агаар мандал дахь хүлэмжийн хийг хамгийн өндөр түвшинд хүртэл бууруулахаар тусгасан гэрээнд гарын үсэг зурлаа. Уг баримт бичгийг түүхэнд Глазгогийн уур амьсгалын хэлэлцээр хэмээн тэмдэглэх аж. Гэхдээ олон шинжээч уг баримт бичигт тусгасан арга хэмжээнүүдийг хангалттай далайцтай биш гэж үзжээ.
200 орчим орны төлөөлөгч гарын үсэг зурсан гэрээний бараг заалт бүр маргаан дагуулсан аж. Тухайлбал, уг баримт бичгийн эхний хувилбарт нүүрсний хэрэглээг маш хурдан, бүрэн зогсоох тухай тусгасныг Энэтхэгээс тавьсан шаардлагын дагуу энэ төрлийн түлшнээс шат дараатай татгалзах болгон өөрчилжээ. Хөгжиж буй орнууд хөгжлийн стратеги, ядуурлаас ангижрах асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байхад олборлодог түлшнээс татгалзана гэж амлаж чадахгүй гэж Энэтхэгийн Байгаль орчны сайд Бупендер Ядава хэлсэн байна. Эл өөрчлөлт Өрнөдийн олон оронд таалагдаагүй ч байгаль орчныг бохирдуулдаг хэмжээгээр дэлхийд гуравдугаарт ордог Энэтхэг улс гэрээнд гарын үсэг зурах нь чухал байв.
Үүний сацуу ядуу орнуудад үзүүлдэг санхүүжилтийг нэмэх тухай заалт эдгээр улсын төлөөлөгчдийг эргэлзэхэд хүргэжээ. Учир нь дэлхийн дулааралтай тэмцэхэд нь зориулж тэдэнд 100 тэрбум ам.доллар олгох тухай өмнөх гэрээ өнөө болтол хэрэгжээгүй байна.
Дээд хэмжээний уулзалтад оролцогчдын хүлээсэн үүрэг дэлхийн температурын өсөлтийг 1.5 градусаас хэтрүүлэхгүйгээр барихад хангалтгүй гэж шинжээчид тэмдэглэжээ. Зургаан жилийн өмнө Парисийн гэрээнд тусгасан эл зорилгын эхний үр дүнг энэ удаа нэгтгэн дүгнэсэн.
Хэд хэдэн шалтгааны улмаас ямар ч шинэ зүйл хүлээх хэрэггүй гэж уулзалт эхлэхээс өмнө олон шинжээч мэдэгдэж байсан. Юуны түрүүнд энэ удаагийн уулзалтад олон улсын томоохон тоглогч болох Орос, Хятадын төлөөлөгчид оролцоогүй. Тэрчлэн уур амьсгалын асуудал Сенатын танхимд нь өнөө болтол бүрэн дэмжигдээгүй байгаа АНУ дээд хэмжээний уулзалтад үйл ажиллагааны тодорхой хөтөлбөр танилцуулаагүй.
Уулзалтын үр дүнд бүх оролцогч сэтгэл хангалуун бус байгаа ч зорилгоо хамгаалж чадсан нь маш чухал юм гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцод нэгдсэн орнуудын 26 дугаар бага хурлын дарга, Британийн Сайд нарын танхимын гишүүн Алок Шарма мэдэгджээ. Глазгогийн уулзалт дэлхийн дулаарлыг зогсоох эхлэл болно хэмээн найдаж буйгаа Британийн Ерөнхий сайд Борис Жонсон илэрхийлэв. “Ирэх жилүүдэд бидэнд хийх зүйл их байгаа ч өнөөдрийн гэрээ нь урагшлах том алхам бөгөөд хамгийн чухал нь нүүрснээс шат дараатай татгалзах тухай олон улсын түүхэнд анхны баримт бичиг, дэлхийн дулаарлыг 1.5 градуст тогтоон барих анхны замын зураг боллоо” гэж тэрбээр хэлсэн байна.
НҮБ-ын уур амьсгалын олон улсын дээд хэмжээний дараагийн уулзалт ирэх жил Египетэд, 2023 оных АНЭУ-д болно.