“Буддын шашин ба Археологи” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд боллоо.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар хэлсэн үгэндээ, “Бурхны шашин Монгол Улсад гурвантаа дэлгэрч байсан түүхтэй. Эхний үе нь Хүннүгийн үед, хоёрдугаар үе нь 13-14 дүгээр зууны үе буюу Чингис хааны үеэс Тогоонтөмөр хааны үе, гуравдугаар үе нь 1578 онд гуравдугаар далай лам Монголд айлчилснаар дэлгэрсэн гэж үздэг. Монголчуудын өнө эртнээс бөөгийн шүтлэгтэй байсан ард түмэн бөгөөд Бурхны шашин эртнээс дэлгэрсэн улс. Сүүлийн жилүүдэд аль аль нь эрчимтэй сэргэж буй. Тиймээс эртний уламжлалт шашин соёлыг хооронд нь харьцуулж, эсрэгцэж тэмцсэн, харилцан нэг нэгнийгээ нөхөж бойжуулсан, ууршиж нийлэгжсэн үзэгдлийг тодруулах археологийн олдворт хийх шинжилгээ, судалгааны ажлыг чухалчлахыг хүсье. Мөн орчин үеийн судалгаа шинжилгээний ажлын хөгжүүлэлт улам бүр салбар дундын шинжтэй болж байгааг харгалзан, археологийн олдвор судалгаанд хийх, шинжилгээ судалгааны ажлыг байгаль техник, нийгэм, хүмүүнлэгийн олон шинжлэх ухааны зааг дээр салбар дамнасан цогц байдлаар буддын соёл судалгааг шинэ шатанд гаргах алхам хийхийг та бүхнээс хүсэж байна” гэлээ.
Харин Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц нээж үг хэлэхдээ, “1990 оноос Монголын ард түмэн бие, хэл, сэтгэлийнхээ эрх чөлөөгөө олж, улмаар чөлөөтэй сэтгэн бодох хэм хэмжээ бүрэлдэн тогтсон билээ. Үүний гэгээн гэрэл бидэнд тусаж байна гэж бид баярлан хүлээн авч байна. Түүнээс өмнө бид өөрсдийн бодит түүхээ намын үзэл сурталд тохируулж, зохиож байсан үе саяхан мэт санагдаж байна. Мөн бурхны шашин ч түүхээ дарж, халхавчилж байжээ. Одоо бидэнд бодит түүхийг шинжлэх ухааны үндэстэй сэргээх боломж олдож буйд талархан хүлээн авч байна” гэлээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ШУА-ын Тэргүүн дэд академич, Г.Чулуунбаатар, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, ОХУ-ын Элчин сайдын яам болон Энэтхэг улсын элчин сайдын яамны төлөөлөл болон бусад төлөөлөгчид, лам хуврагууд оролцлоо.