Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж буй компаниуд барилгын материалын үнэ өссөнөөс алдагдал хүлээсэн талаараа мэдээлж өчигдөр дахин хэвлэлийн хурал хийв. Тэд барилгын материалын үнийн бодит өсөлтийн индексийг тооцон, компаниудын зардлын хэтрэлтийг 2022 оны төсвийн тухай хуульд тусгах, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлаа үнэлүүлэх зэрэг таван шаардлага тавьсан. Эдгээр шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн гэнэ. Мөн БХБЯ-наас ажлын хэсэг байгуулж, компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан ч одоогоор ямар нэг үр дүн гараагүй аж. Улмаар дээрх компаниудын төлөөлөл “100 орчим компани дампуурахад хүрлээ. Барилгын материалын үнэ өссөний улмаас бидэнд учирсан 60 тэрбум төгрөгийн хохирлыг олгохгүй бол өлсгөлөн зарлана” гэсэн юм. Харин БХБЯ-ны мэргэжилтэн “Барилгын материалын үнэ өссөн нь үнэн. Барилга угсралтын салбарт ажиллаж буй олон компаниас 100 аж ахуйн нэгжид учирсан гэх 60 тэрбум төгрөгийн хохирлыг л барагдуулна гэдэг өрөөсгөл. Бид алдагдал хүлээсэн бүх компанийн асуудлыг шийдвэрлэх гарц хайж байгаа” гэлээ.
Бэлтгэсэн С.Дулам