Хан-Уул дүүргийн иргэн Б.Мөнхзул “Өвлийн бэлтгэлээ хангах зорилгоор дулаан, чанартай хувцас авахаар хэд хэдэн дэлгүүр, худалдааны төв орлоо. Ноолууран хувцасны үнэ нэлээд өндөр болжээ. Тухайлбал, эмэгтэй цамц аль үйлдвэрийнх гэдгээсээ шалтгаалж багадаа 300 000 төгрөгийн үнэтэй байна. Хүрэм болон задгай энгэртэй, урт цамц зарим нь нэг сая төгрөгөөс давжээ. Харин сарлагийн хөөвөр, хонины ноосоор хийсэн цамцны үнэ 150 000 орчим төгрөг байгаа бол хүрэмнүүд нь ч ноолуураар хийснээс хямд. Ноос, сарлагийн хөөврөн эдлэл нь ноолуураас дулаахан гэнэ. Өнгө үзэмжийн хувьд ч гоё, тансаг юм” хэмээн ярив. Үнэхээр ч худалдааны төв, томоохон дэлгүүрүүдэд ноолууран ороолт, малгайг хосоор нь хямдруулаад 100 000 гаруй төгрөгөөр борлуулж байна. Мөн ноолууран цамц, хүрэмний үнэ аль үйлдвэрийнх гэдгээсээ хамаарч 300 000-3 000 0000 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй бол сарлагийн хөөвөр, хонины ноосон хувцасны үнэ үүнээс 30 хүртэлх хувиар хямд байна. Дундаж давхаргынхны худалдан авах чадварт нийцэж буй ноос, хөөврөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүхий эдийнх нь нийлүүлэлт, зах зээлийн талаар сонирхлоо.
Дэлхийн ихэнх сарлаг Төвөд, Хятад болон Монголын уулархаг бүсэд нутагладаг. Монголд одоогоор 23 сая гаруй хонь, 3.4 сая үхрийн 20 орчим хувь нь сарлаг байгаа нь ноос, хөөвөр бэлтгэх хангалттай нөөцтэй гэсэн үг. Манай улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар ноос боловсруулах салбарт хивсний хоёр, нэхмэлийн ес, ээрэх, угаах болох хялгас ялгах, эсгий хийх гэх мэт нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 5000 хүнийг ажлын байраар хангаж байжээ. Түүнчлэн нэг жилд хонины ноос 30 000, тэмээнийхийг 1700, сарлагийн хөөвөр 380 тонныг бэлтгэдэг юм байна. Эдгээрийг 100 хувь анхан шатны боловсруулалтад оруулж буй ч 35 орчим хувиар нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол хонины ноос нь дулаан хадгалах чадвар өндөр, агаарын солилцоо сайн нэвтрүүлдэг, бат бөх, удаан эдэлгээтэй, галд тэсвэртэй зэрэг давуу талтай. Түүнчлэн бусад оронд өсгөн үржүүлж буй хонины ноосноос ноолуур үс, завсрын үс, сор, ямаан үс зэрэг дөрвөн төрлийн үс, хялгас агуулдгаараа онцлогтойг Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбат дурдсан юм. Тэрбээр “Улсын хэмжээний үйлдвэрүүдэд одоогоор 1.9 сая ам метр хивс үйлдвэрлэх хүчин чадал суурилуулсан ч борлуулалт, эрэлтээс шалтгаалан хүчин чадлынхаа 50 хувийг л ашигладаг. Үүнийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд монгол хонины ноосоор нэхсэн хивсийг сурталчлан таниулах шаардлага бий. Мөн ноосон дулаалгын үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлуулах боломж байгаа юм. Түүнчлэн угаах үйлдвэрүүдийн ангилан ялгасан ноосыг ашиглан жилд багадаа 2000 тонн био бордоо үйлдвэрлэж болно. Хялгас ялгах хүчин чадлыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэгчид олон улсын чанар, стандартын шаардлага хангахуйц самнасан ноос, хөөврийг экспортлох, улмаар нарийн ээрмэл, сүлжмэл, нэхмэл, ноосон оёмол бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өсгөх боломж бүрдэнэ” хэмээн ярив. Гэхдээ энд дурдсан бүхнийг шинээр хийж эхлэхгүй бөгөөд одоо үйлдвэрлэн, нийлүүлж буй хэмжээ, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг.
…Улсын хэмжээний үйлдвэрүүдэд одоогоор 1.9 сая ам метр хивс үйлдвэрлэх хүчин чадал суурилуулсан байгаа ч борлуулалт, эрэлтээс шалтгаалан хүчин чадлынхаа 50 хувийг л ашигладаг. Үүнийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд монгол хонины ноосоор нэхсэн хивсийг сурталчлан таниулах шаардлага бий…
Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлбэл зохилтой гэнэ. Үүнд ноос боловсруулах салбарынханд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг өсгөн, эргэн төлөх хугацааг уртасгах хэрэгтэй. Төрөөс бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж байгаа ч зээлийг нь арилжааны банкаар дамжуулан олгодгоос аж ахуйн нэгжүүд банкны шалгуур хангахгүй байх нь цөөнгүй аж. Банкууд зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл өгдгийг эргэн харж, эдийн засгийн үндэслэлтэй бичсэн төсөл, эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, худалдан авсан түүхий эд, материал, бэлэн бүтээгдэхүүн, хувьцаа зэргийг үнэлэн зээл авах журам хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг цөөнгүй аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлсэн юм.
Ноолуур шиг зөөлөн, ноосноос дулаан гэгддэг сарлагийн хөөврөөр тансаг хувцас, чимэглэл хийхэд нэн тохиромжтой гэсэн. Хөөвөр нь 17-20 микрон голчтой, 30-35 мм урттай, бор, хүрэн, саарал гэсэн байгалийн дөрвөн өнгөтэй нь дэлхийн сүлжмэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэгчдийн анхаарлыг татдаг аж. Мөн дулааныг маш сайн хадгалдаг, үнэргүй гэдгээрээ онцлог бөгөөд харшил үүсгэдэггүй. Манай улсад сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид цөөнгүй бий. Тэдэнд тохиолддог гол бэрхшээл нь мөн л түүхий эдийн нөөц бэлтгэх хөрөнгө хомс, банканд тавих барьцаа хөрөнгө муутай, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь гадаад орчинд төдийлөн танигдаагүй зэрэг аж. Уг нь сарлагийн хөөвөр бэлтгэх нь ямаа самнахаас илүү байгальд ээлтэй, мал амьтан зовоодоггүйгээр онцлог юм байна. Хэрэв хөөвөр бэлтгэх явц, хөөврийн ашигт шинж чанарыг гадаад орчинд сурталчлан таниулбал олон нийтийн сонирхлыг ноолууран эдлэлээс дутуугүй татах боломж байна. Хөөврөөр хийсэн эдлэл маш дулаан шинж чанартайг мэдсэн ОХУ-ын Тува, Буриадын хэрэглэгч олон бий бөгөөд ялангуяа хүйтэн ширүүн уур амьсгалтай Сибирийн зах зээлд илүүтэй борлуулдаг аж. Тиймээс ч хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Bodio” зэрэг аж ахуйн нэгж нь дийлэнх бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортолж байгаа юм.
Уул уурхай, банк санхүү, барилга, зам зэрэг бусад салбартай харьцуулахад хөнгөн үйлдвэрт ажиллагсдын цалин харьцангуй бага. Энэ нь ажиллах хүчний хүрэлцээ, ажиллагсдад тогтвор суурьшилтай ажиллахад нь сөргөөр нөлөөлж буй аж. Оёмол, сүлжмэл эдлэл үйлдвэрлэгчид борлуулалтын орлогынхоо 25 хүртэлх хувийг ажилчдын цалинд зарцуулж буй ч дундаж цалин бага хэвээр байгаа юм. Энэ нь дотоодын зах зээлийн багтаамж бага, импортын бараа ихээр оруулж ирдэг, хөрш орнуудын импортын татвар өндөр зэргээс шалтгаалдаг юм байна. Цаашид хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээмжийг сайжруулахын тулд ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдээс гадна хөөвөр, хонь болон торомны ноосны “ид шид”-ийг сайн сурталчлах, тогтвортой үйл ажиллагаа явуулах дотоодын үйлдвэрүүдийн тоог олшруулахад дэмжлэг үзүүлэх, брэнд бүтээгдэхүүн гаргахад анхаарах учиртай байх нь.