Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн долоон тоглоомоор тоглоход 6000 төгрөг төлөх хямдралыг өнгөрсөн долоо хоногоос энэ сарыг дуустал зарлажээ. Үүнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж коронавирусээс сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах журам алдагдсан байна. Өчигдөр 12.00 цагт парк руу очиход ерөнхий боловсролын сургуулийн сурагчид олон, тасалбар түгээх цэг, тоглоомуудад суулгах хэсэгт багадаа 20 гаруй хүн, хүүхэд дугаарлаж байв. Хүүхдүүдийн зарим нь амны хаалттай, нөгөө хэсэг нь доошлуулсан, бүр гартаа “зүүчихсэн” яваа нь ч тааралдсан. Эргэлддэг сандалд суухаар “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн зургадугаар ангийн сурагч таван хүү хүлээн зогсоно. Тэднээс хичээлдээ явсан, эсэхийг нь лавлахад “Манайх энэ долоо хоног цахимаар хичээллэж байгаа. Бид 10.30 цагт ирээд гурван тоглоомоор тоглосон, одоо дахин гуравт сууна. Мөнгө олдвол маргааш бас ирнэ. Аав, ээжээсээ зөвшөөрөл авсан” гэлээ. Зарим нь амны хаалтаа яагаад зүүгээгүйг нь асуухад “Зайрмаг идэж байгаад толбо болгочихсон. Солих ээлжийнхийг гэрээсээ авч гараагүй” хэмээв.
Өнгөрсөн бямба, ням гарагт тус хүрээлэнгээр үйлчлүүлэх иргэд, хүүхдүүд олон, хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ. Хоолны газрууд руу нь ороход иргэдийн халууныг шалгаагүй, гар ариутгагч нь дууссан, ариун цэврийн өрөөнүүдийнх нь ачаалал их, бохир байсныг хэлэх хүн цөөнгүй байлаа. Баянгол дүүргийн нэгэн иргэн “Өнгөрсөн ням гарагт долоон тоглоомоор хоёр хүүхэд тоглуулахын тулд 7-8 цаг зарцуулсан. Тасалбар авахаар, тоглоом дээр суухаар зуу, зуугаараа дугаарласан. Хүн хооронд хоёр метрийн зай барих журам энэ үеэр лав алдагдсан. Мөн паркийн хашаан дотор хог хаягдал, шороо тоос ихтэй юм” гэлээ. Харин ҮСАХ-гийнхнээс халдвар, хамгааллын дэглэм хэрхэн баримталж буйг өчигдөр тодруулах гэтэл “Хариуцсан хүн нь алга” хэмээн тасалбар түгээгч нь хэлэв. Эндээс харахад цахимаар хичээллэж буй өдрөө, эсвэл хичээлээ тараад хүүхдүүд парк дотор бөөгнөрч, цуглаж буй аж. Тэнд сул шороо ихтэй, хог ч нэлээд хөглөрсөн, халдвар хамгааллын дэглэм нь алдагдсан байна билээ.
Бэлтгэсэн С.Цэрэн