НАРИЙН СУВГИЙН ТӨВӨГ
“Шарын гол” хувьцаат компани БНХАУ руу эрчим хүчний нүүрс экспортлох туршилт хийсэн. Хэрэв туршилт амжилттай болбол хамтрагч компани нь их хэмжээний нүүрс худалдаж авахаа илэрхийлжээ. Мэдээжийн хэрэг нүүрсээ гадаад зах зээлд борлуулах нь “Шарын гол” компанид ашигтай. Гэвч тэдэнд том тээг байгааг ярьж байв. Тэр нь вагоны олдоц. Тэднийд вагон захиалга олдох нь хомс. Тиймээс нүүрсээ товлосон цагт тогтсон хэмжээгээр нь захиалагч талд хүргэж чадах, эсэх нь эргэлзээтэй. Нийлүүлэлтийн хэмжээ болон хүргэж өгөх цаг нь вагоны олдцоос хамаарна. Вагон олдохгүй бол нүүрсээ экспортолж чадахгүй. Нүүрс буюу эрдэс баялаг нь байна. Олборлох мэргэжилтэй хүний нөөц, техник хэрэгсэл бий. Харин тээвэр ложистик нь хүрэлцэхгүй байна гэсэн үг. “Улаанбаатар төмөр зам”-ын вагоны хүрэлцээ муу. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хязгаартаа тулсан. Эдийн засгаа тэлэх боломж байгаа ч өсгөх нөхцөлийг нь бүрдүүлэх суваг нарийхан болжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг томорч, ачаа бараа тээвэрлэх сувгийнх нь хүчин чадал хүрэлцэхээ больсон нь гол асуудал.
Манай улс аймгийн төвүүдээ авто замаар холбосон. Цаашлаад томоохон сум, суурин газраа хатуу хучилттай авто замаар аймаг, нийслэлтэй холбох шаардлага бий. Мөн хилийн боомтууд руугаа хатуу хучилттай авто зам тавих хэрэгтэй. Ирэх оны улсын төсөвт сумын төвүүдэд хатуу хучилттай авто зам тавихаар тусгасан байна лээ. Энэ бол эдийн засгийг тэлэх үр ашигтай хөрөнгө оруулалт биш. Харин хилийн боомтууд руугаа хатуу хучилттай зам тавих нь зөв.
…Аймгийн төвүүдэд орон сууцын хотхонууд баригдвал малчид Улаанбаатарт байр худалдаж авах шаардлагагүй болно. Аймгийн төвүүдийн дулааны хангамжийг нэмэгдүүлбэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаас гадна орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх боломж нээгдэнэ…
Мөн олон улсын чанартай хилийн томоохон боомтуудаа төмөр замаар холбох, байгаа замыг өргөтгөх шаардлага тулгарсан. Үүнийг Замын-Үүд-Эрээний боомтын жишээнээс харж болно. Замын-Үүдийн боомт өдөрт 12 галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай. Гэтэл өдгөө Монгол Улсыг дамжин өнгөрөх транзит тээвэр нэмэгдсэнээр өдөрт 15 галт тэрэг нэвтрүүлэх шаардлага тулгараад байна. Хилийн нэвтрүүлэх хүчин чадал муугаас шалтгаалж ОХУ, БНХАУ-ыг холбосон транзит тээвэр манай улсыг тойрч буй. Энэ нь эдийн засгаа тэлэх боломжийг алдаж байгаа хэрэг. Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон төмөр замаа хос болгох, мөн зэрэгцүүлэн олон улсын чанартай транзит тээврийн авто зам тавих шаардлага бий. Үүнээс гадна Бичигт-Эрээн цавыг холбосон төмөр замын зүүн коридор, Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтыг Завхан дахь Арц суурийн боомттой холбосон баруун коридорыг бий болгох хэрэгтэй. Авто болон төмөр замаа өргөтгөөд, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлчихвэл Монголын эдийн засгийн өсөлт хурдасна.
ХҮРЭЛЦЭХГҮЙ ЭРЧИМ ХҮЧ
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 1000 МВт давсан. Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээнээсээ 300 гаруй МВт-ын дутагдалтай байна. Дутаж буй эрчим хүчээ БНХАУ, ОХУ-аас худалдаж авдаг. Төвийн болон баруун бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас, “Оюутолгой” компани БНХАУ-аас эрчим хүчээ худалдаж авч байгаа. Эрчим хүчний хэрэглээ өндөртэй, томоохон бүтээн байгуулалт хийхэд цахилгаанаа хаанаас авах вэ гэдэг асуудал тулгар на. Эрчим хүчний чадлын дутагдал нь эдийн засгаа тэлэх боломжийг хааж байна.
Ирэх жил эрчим хүчний гурван томоохон эх үүсвэр барьж эхэлнэ. Ингэснээр Монгол Улс 4-5 жилийн дараа эрчим хүчний чадлын дутагдлаас гарах юм. Цахилгаанаар ажилладаг хэрэгсэл, технологийн хэрэглээ нэмэгдсээр байна. Тэгэхээр ирээдүйд манай улсын эрчим хүчний хэрэглээ өснө. Тиймээс дахиад ч цахилгаан станц барих шаардлагатай. “Оюутолгой” компанийг эрчим хүчээр хангахаар 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц” барих сонгон шалгаруулалтын тендер зарласан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина. Мөн хойд хөрштэй хамтран “ДЦС-3”-ын дэргэд олон жил ярьсан тавдугаар цахилгаан станцыг барих гэж буй.
Цаашлаад Шивээ-Овоо, Багануурын уурхайг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барих шаардлага бий. Орхон, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барих хэрэгтэй. Мөн нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлага бий. Юутай ч ойрын таван жилд эрчим хүчний чадлын дутагдлаас гарах нь бололтой. Энэ бол шийдвэрлэвэл зохих, эдийн засгийн хөгжилд саад болж буй дэд бүтцийн гацаа юм.
ГАЗАР ДООРХ СУДАСНЫ ДУТАГДАЛ
Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд орон сууцжуулах нь зүйтэй гэсэн улиг яриаг олон удаа сонссон байх. Энэ бол урт хуга цаанд, шат дараатай хийх ажил. Орон сууцжуулах процессыг хурдасгах арга нь дулааны хангамжийн хүрэлцээг нэмэгдүүлэх. Тодруулбал, газар доорх инженерийн шугам сүлжээг өргөтгөх, тэлэх юм. Гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татвал энэ нь орон сууцын барилга барих урьдач нөхцөл болно. Инженерийн шугам сүлжээ татаж чадаагүйгээс Улаанбаатарын гэр хороолол багасахгүй байна.
Улаанбаатар хотын VII хороолол буюу Зуун айл, Ногоон нуур луу инженерийн шугам сүлжээ татсан. Түүнээс хойш 10 орчим жилд тэнд орон сууцын хотхонууд босож, гэр хороолол бараг алга болж байна. Инженерийн шугам сүлжээ татсанаар ямар өөрчлөлт гардгийг VII хорооллын бүтээн байгуулалтаас улаанбаатарчууд харж буй. Гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татвал иргэдээ орон сууцжуулах, утааг бууруулах процесс хурдасна.
Эрчим хүчний эх үүсвэр нэмж барьснаар дулааны шугам сүлжээг өргөтгөх нөхцөл бүрдэнэ. “Амгалан дулааны станц”-ыг Улаанбаатар хотын зүүн бүсэд барьснаар Баянзүрх дүүрэгт орон сууцын хотхонууд барих боломж нээгдсэн. Шинэ станц барьснаар Улаанбаатар хотын зүүн бүсэд орон сууцжуулах процесс хурдан өрнөж буйг харж болно. “ДЦС-3”-ын дэргэд тавдугаар цахилгаан станцыг барьснаар дулааны үйлдвэрлэл нэмэгдэж, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг тэлэх боломж бүрдэнэ. Дулаан үйлдвэрлэх эх үүсвэрийг нэмж барихгүй бол Улаанбаатар хотод үйлдвэрлэл хөгжүүлэх, орон сууцжуулах үйл явцад ахиц гарах нь юу л бол.
Аймгийн төвүүдийн дулааны хангамжийг нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэвэл аймгийн төвүүдэд орон сууцын хотхонууд баригдаж, иргэдийн амьдралын чанар өөрчлөгдөнө. Энгийн жишээ татахад, мянгат малчин бүр Улаанбаатар хотод орон сууцтай болж, хүүхдүүдээ сургуульд сургаж байна. Аймгийн төвүүдэд орон сууцын хотхонууд баригдвал малчид Улаанбаатарт байр худалдаж авах шаардлагагүй болно. Аймгийн төвүүдийн дулааны хангамжийг нэмэгдүүлбэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаас гадна орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх боломж нээгдэнэ. Тиймээс Засгийн газар тээвэр, ложистик, цахилгаан болон дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэхэд хөрөнгө оруулалт хийх, татах шаардлагатай байна.