Алейск гэдэг жижигхэн хотыг мэдэлдээ байлгах үүргийг дархлагдсан гэмт хэрэгтнүүдээс авсан “Пигарь” хочоороо алдаршсан Олег Пигарев гэгчид ОХУ-ын Алтайн хязгаарын шүүх зохих ял оноосон байна. Түүний бүлгийнхэн энэ хотын оршин суугчдаас “өглөг” авч хоёр жил айдас хүйдэс дунд байлгажээ. Хамгийн гайхмаар нь эндхийн цэргийн ангийн цэрэг, офицерууд ч ялгаагүй тэдний өмнөөс гараа хөдөлгөж чадахгүй боол мэт байдаг байсан аж.
Алейск нь Казахстаны хил хүртэлх замын голд, Барнаул хотоос баруун урагш 130 километрт Алей голын эрэгт оршдог жижиг хот юм. Энд 30 мянга орчим хүн оршин сууж, голчлон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрт ажиллана. Цаг агаар зундаа 40, өвөлдөө -40 орчим градус байдаг. Энэ хот Оросын хаана ч байдаг хөдөө нутаг ч Ленин, Суворов, Кутузовын одонт 35 дугаар мото буудлагын бригад буюу 1942 оны дөрөвдүгээр сард бүрэлдэн байгуулагдсан домогт танкийн тавдугаар корпусын залгамж үеийнхэн оршин суудгаараа онцлогтой. Уг корпус Воронежоос эхлэн Прагийг чөлөөлөх хүртэл Аугаа их эх орны дайны бүхий л томоохон тулалдаанд оролцож, дараа нь Манжуурын цэргийн ажиллагаанд бас үүрэг гүйцэтгэж байжээ. Эндхийн танкууд Говь, Хянганы тулаанд мөн оролцсон байдаг. Ийм баатруудын үр сад эрүүгийн хэрэгтнүүдэд удаан хугацаанд элэг бариулж байсан гэхэд итгэмээргүй.
Гэмт хэргийн үүднээс авч үзвэл энэ хот, нутаг бусдаас юугаараа ч ялгарахгүй. Нэг жилд энд 1.5 мянган гэмт хэрэг бүртгэгдэнэ, хүн амины хэрэг тун ховор (жилд 3-5, ихэнхдээ архидан согтуурснаас үүдсэн ахуйн чанартай), 2020 онд дээрмийн 16 хэрэг гарчээ. Хулгайн хэрэг уламжлалт шинж чанартай, тоогоороо толгой цохино. Хэргийн ихэнх нь илэрнэ.
Олег Пигарев 1975 онд төрсөн, дээрмийн болон мансууруулах бодис хадгалсан хэргээр хэд хэдэн удаа ял эдэлсэн, 2015 оноос энд эзэн мэт байх болж. Өмнө нь мөн нэг бус удаа “аавынд” суусан “зурам” хочит Сергей Ковалев түүний баруун гар нь байв. Энэ хүн 48 наслахдаа 23 жил торны цаана суусан нэгэн байлаа. Тэрбээр намхан нуруу (160 см), хэрцгий авираараа бусдаас ялгарна. Гэмт хэргийн энэ бүлэглэлд 1985 онд төрсөн, “агент” гэдэг хочоороо олны танил болсон Вадим Артемьев, 1986 онд төрсөн Игорь Гололобов нар багтсан байв. Гадаад байдлаараа төстэй, намхан, сул биетэй, өөрийгөө хамгаалах чадваргүй, 20 дөнгөж гарч яваа, амьдралын туршлагагүй залуусыг гэмт хэрэгтнүүд сонгож өөрсдийн золиос болгоно. Алтайн хязгаарын прокурорын газрын улсын яллагч, хуулийн зөвлөх Вера Кандауровагийн ярьснаар бол 31 хохирогчийн 25 нь цэргийн албан хаагч, тэдний 24 нь гэрээт албан хаагч, нэг нь бага офицер, бусад нь энгийн иргэн байжээ. Эднээс ердөө найм нь дээрэмчдэд эсэргүүцэл үзүүлэх гэж оролдсон, бусад нь хүлцэнгүйгээр мөнгөө хураалгасан аж. Гэмт хэрэгтнүүд болохоор увайгүй, хэрцгий, өөртөө эрдсэн улс. Тэд хохироох хүн дээрээ давхиж очоод “Чи бидний найзыг зоогийн газар гомдоосон (тухайн хүн тэр зоогийн газар орж байсан, эсэхээс үл хамааран) байна”, эсвэл “Мөнгө зээлж авчихаад өгөлгүй удаасан, одоо хүүтэй нь өгөх цаг болсон” гэх мэт янз бүрийн худал шалтгаар өдөн хоргоож, айлган сүрдүүлнэ. Нөгөөдүүл нь (ихэнх нь цэргийн албан хаагч) мөнгө өгч л байж сална. Вера Кандауровагийн үгээр бол гэмт хэрэгтнүүд 20-30 мянган рубль нэхдэг байжээ. Алейск хотод урьд нь гэмт хэрэгт орж байсан, цэргийн алба хаагчдад заналхийлж, хүч хэрэглэхээс буцдаггүй тодорхой тооны “хүнд гар” байдгийг эндхийнхэн бүгд мэддэг, тэгээд үг хэлгүй хэдэн рублиэ өгөөд салсан нь дээр гэж үздэг байв. Дээрэмчид хэрхэн “ажилладгийг” Олег Пигаревийн нэгэн үйл явдал харуулдаг. Пигарев хотоор явж байгаад таньдаг цэргийн нэгэн албан хаагчийг хараатахжээ. Тэгээд машинаа зогсоож түүн дээр дөхөж очоод “Чи надад таван мянгыг өгөх ёстой” гэж. Цаадах нь маргалдах гэхэд Пигарев гарт нь байсан түрийвчийг нь булааж аваад дотор нь байсан бүх мөнгийг (нийтдээ 2.5 мянган рубль) нь халаасалчихаад яваад өгч. Нэг удаа Ковалев “Давыдов” гэдэг зоогийн газарт тухалж байгаад цэргийн таньдаг нөхрөө олж харсан байна. Хөөрхий тэр цэргийн алба хаагч банкнаас мөнгө аваад өвдсөн хүүхдэдээ даруй эм авах хэрэгцээ гараад явж байсан аж. Ковалев гарч түрүүч рүү хүрч очоод үг өдөж “Авгай, хүүхэд чинь сайн уу” гэснээ шууд мөнгө нэхжээ. Энэ хүсэлт өөдтэй юманд хүргэхгүйг түрүүч мэдэх тул байгаа мөнгөө (5000 орчим рубль) өгч орхисон байна. Өнгөц харахад ямар нэг заналхийлэл байгаагүй ч хохирогч сүүлд нь шүүх хурал дээр хэлэхдээ “Ковалев хэн болохыг би мэднэ, гэр бүлийнхний маань талаар асуусныг нь ойр дотнынхонд маань муу юм болохын дохио гэж ойлгож хүлээж авсан. Ковалев өөрөө над дээр хүрч ирсэн нь сэтгэл санаанд минь учруулж буй дарамт байсан” гэж хэлжээ. Гэмт хэрэгтнүүдийн нэг нь 35 дугаар бригадын нэгэн офицерын гэргийн толгойг эргүүлж дөнгөжээ. Сүүлд нь тэр эмэгтэйтэй гэмт хэрэгтнүүдийн зарим нь уулзаж, амаа хамхиж байсныг (нөхөртөө дуулгаагүйг) нь үнэлж 5000 рубль өгөхийг шаардахад дор нь өгч. Гэвч үүндээ дээрэмчдийн сэтгэл ханасангүй. Тэгээд нөхөр дээр нь очиж 30 мянган рубль нэхэхэд татгалзсан байна. Дээрэмчид үг хэлгүй яваад өгч.
Мөрдөн шалгалтаар Пигарев, Ковалев, эдний гар хөл бологчдын өдөөсөн 34 хэрэг илэрчээ. Тэд мөнгө нэхэж авахын зэрэгцээ хууль бусаар хөрөнгөжихийн тулд өөр башир арга ч хэрэглэдэг байж. Цэргийн нэгэн албан хаагчийн хувийн машин нь эвдэрснийг дуулаад үнэ төлбөргүй засаж өгөхөөр болж, хариуд нь уг машинаа түр ашиглуулахыг хүссэн байна. Гэвч дээрэмчид машиныг хэдэн сар унаж байгаад зарж орхисон аж. Машины эзэн хоосон хоцрох нь тэр. Тэгж байтал машины эзэнд эмчилгээ хийлгэх мөнгө хэрэгтэй болоход машиныг нь худалдаж авсан Ковалев үнийг нь сүүлд өгөхөө амласан байна. Түрүүч эмчлүүлэхээр өөр хотод очоод, танил хүмүүсээрээ уламжлан машиныхаа өртгийн талаар сануулсан ч юу ч олж авч чадсангүй. “Зурам” хочит машиныг нь зараад мөнгийг нь өөрийн болгочихжээ. Олег Пигарев болон нэр ус нь дурдагдаад байгаа бусад хүн тус гэмт бүлэглэлийн ердөө “араг яс” нь. Тэдний эргэн тойронд урьд нь шүүхээр шийтгэгдэж байгаагүй, хялбархан мөнгө олохыг эрмэлзсэн залуус эргэлдэнэ. Тэд гэмт хэрэг үйлдэхэд олны хэсэгт “тоглож”, гар хөлийн үзүүрт нь явж, хүмүүсийг айлгах, хүч хэрэглэх үйлдэлд оролцоно. Хохирогчдоос ердөө найман хүн л дээрэмчдэд эсэргүүцэл үзүүлэхийг оролдож, эцэст нь нударганы амт үзсэн болох нь шүүх хурлын явцад ил болсон байна. Тэгээд ч тэр үү, цагдаа нарт хэн ч хандахаа больж, элдэв яриа цуурхал харин Пигарев болон түүний гэмт хэргийн бүлэглэлд хамгаалалт, хуяг болсон аж.
2015 он зун гэрээт цэргийн албан хаагчдын нэг Сергей Трофимов нэг нөхрөөсөө 30 мянган рубль зээлжээ. Үүнийг санамсаргүй мэдсэн Гололобовын толгойд нэгэн бодол зурсхийн орж, Трофимовыг өрөө төлөлгүй хугацаа хойшлууллаа хэмээн гэмт бүлэглэлийнхэн буруутгаж түүнээс 60 мянган рубль нэхэв. Тэгээд Трофимовыг бүлэглэлийнхэн төв байр болгосон “Давыдов” кафед авчраад айлгаж сүрдүүлсэн боловч тэрбээр өөрийгөө буруутай гэж үзээгүй тул дээрэмчдийн шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ. Ингээд мань эр баахан зодуулав. Маргааш нь түүнийг Алей голын эрэг дээр аваачаад бас хэрцгийгээр балбаж гарсан байна. Трофимов цагдаа нарт хандлаа. Пигаревийн бүлэглэлийнхнийг бүгдийг нь баривчлав. 11 хүнд ял өгсний дөрөв нь л гэмт бүлэглэлийн бүрэлдэхүүнд орсон этгээд байв. Баривчлагдахдаа нас нь 18 хүрээгүй “хүүхэд” цөөнгүй байлаа. Энэ бүлэглэл үүргээ гишүүддээ тодорхой хуваарилдаггүй байснаас хэнд ч ямар ч “ажил” ногдож болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн зохион байгуулалттай “хамт олон” гэхэд хэцүү.
Шүүх ажиллагаа гурван жил үргэлжилжээ. Хохирогчид цэргийн алба хаагч учраас Алейскаас явчихсан байсан нь үүний гол шалтгаан болжээ. Тэднийг Орос орон даяар эрж сурна. Байцаалтыг алсын зайнаас цахимаар явуулна.
Пигаревийнхний үйлдсэн гэх 37 хэргээс 34 нь батлагдаж нотлогдсон аж. Олег Пигаревт онцгой дэглэмтэй шоронд 12 жил хоригдох ял өгчээ. Сергей Ковалевт 12.5, Вадим Артемьевт 10, Игорь Гололобовт 8.5 жилийн ял оноосон байна. Долоон хүн 5.9-6.4 жил хоригдох болжээ. Хамгийн залуу Максим Максименкод 2.5 жилийн тэнсэн харгалзах шийтгэл өгчээ. Сергей Ковалев хамгийн олон, толгойлогчоосоо ч илүү хэрэгт оролцсон бол Максим Максименко ганц хэрэгт нэр холбогдсон байв. Тус бүлэглэлийнхэн нийлбэр дүнгээр 80 жил хоригдох шийтгэл хүлээсэн байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант