Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд жил бүрийн өвөл гэр хорооллын айлуудын шөнийн цагаар ашигласан цахилгааны төлбөрийг чөлөөлдөг. Энэ жил 189 000 өрхийг үүнд хамруулж, нийт 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын 117 000 өрх хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн орон нутгаас 10 000-аас олон хүн амтай аймаг, сум, суурин газрын 72 000 өрх ирэх сарын 1-нээс хөнгөлөлт эдлэх нь. Айлууд галлагаагаа багасгаж, халаалтаа цахилгаанаар шийдэх боломж бүрдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авдаг билээ. Айл өрхүүдийн 21.00-06.00 цагт ашигласан цахилгааны төлбөрийг 100 хувь чөлөөлөх уг хөнгөлөлт нь ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас мэдээлснээр үүнд хамрагдах айлууд стандартын шаардлага хангасан, баталгаажуулсан тоолууртай, эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай аж.
Бэлтгэсэн М.Оч