Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөгч, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчид Замын-Үүд сумд ажиллаж, хяналт шалгалт хийхээр өнөөдөр өглөө хотоос хөдөлжээ. Замын-Үүд сум хилийн онцгой бүс нутаг. Тус газарт авлига, хээл хахууль их байгаа талаар иргэд байнга гомдол гаргадаг ч хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаас гадна байж ирсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа, тагнуулынхан тус бүс нутгийн удирдлага, төрийн албан хаагчтай холбоотой асуудлыг төдийлөн тоож байгаагүй гэдэг.
Монголд цар тахал дэгдсэнээс хойш сүүлийн хоёр жил Замын-Үүдийн хил, гааль дээр ачаа тээвэр хэдэн сар, өдрөөр саатаж, иргэдэд ихээхэн хохирол учруулаад буй. Дээрээс нь цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед хил, гааль дээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буй. Хамгийн гол нь энд авлига албан тушаалын хэрэг гаарсан учраас ийн шалгаж буй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу дээрх хууль хяналтын байгууллагын төлөөлөл Замын-Үүд боомтод ажиллахаар болжээ. Ийнхүү олон жил "хараа хяналтгүй" шахам байсан гааль, мэргэжлийн хяналтынхныг энэ удаа дориухан шиг шалгаж, "идээ бээр"-ийг нь шахах бололтой.