Ковид 19-ийн халдвар авсан иргэн тусламж авч чадалгүй эмнэлийн хашаанд нас барсан хэрэг өчигдөр гарсан. Талийгаач долоодугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг хариу гарч, эмчийн зааврын дагуу өөрийгөө тусгаарлан эм ууж байсан ч биеийн зовиур нь нэмэгдэж хатгаа болсон тул коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч буй "Энэрэл" эмнэлэг болон БЗД-ийн Эрүүл мэндийн төвд ханджээ. Харамсалтай нь дээрх эмнэлгүүд хэвтэх өвчтөний бүртгэлд нэр нь байхгүй гэх шалтгаанаар буцааснаар талийгаач "Энэрэл" эмнэлгийн хашаанд амьсгал хураасан юм.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдсан Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Түргэн тусламжийн 103 алба, БЗД-ийн эмнэлэгийн удирдлагууд, ажилтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авлаа гэв. Тодруулбал, Түргэн тусламжийн 103 төвийн Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга Н.Амартүвшин нар албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Нэр дурдсан албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлгүй шигдсэн, эрх мэдэлтнүүдийн шахалтаар томилогдсон этгээдүүд ажээ. Жишээ нь, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нь гэр бүлийн хүн Б.Батбаярыг хотын дарга байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр томилогдсон. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд удаа дараа өөрчлөх гээд чадаагүй хүн байх юм. Түргэн тусламжийн 103 төвийн Р.Пүрэвдаш нь тэтгэвэрийн нас болсон ч албан тушаалдаа шигдэн хоргоддог бол Н.Амартүвшинг Энэрэл эмнэлэгийн даргаар томилоход хуучин хотын дарга биечлэн нөлөөлж байжээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.