Монгол Улсын тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн Засгийн газар бодлогын баримт бичигтээ тусгаж, ирээдүйн үр ашиг, ач холбогдлыг нь “том”-оор төсөөлөөд буй утаагүй үйлдвэрлэлийн салбар амь тавилаа. Цар тахлаас үүдэлтэйгээр “амьсгалын дутмагшил”-д орж, “сэхээ”-нд удаан хэвтсэн аялал жуулчлал амь тариа хүлээж, горьдлого тээсээр 490 (2020 оны гуравдугаар сарын 1-нд хилээ хааснаас хойш) орчим хоногийг өнгөрөөж, ийнхүү сүүлчийн амьсгалаа татлаа. Одоо аялал жуулчлалынхнаас их зүйл хүлээх, шаардах боломжгүй болов. Тус салбартай шууд болон шууд бусаар холбогддог 2300 аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь хаалгаа барьжээ. Улсын ажиллах хүчний 6.7 хувийг бүрдүүлдэг мэргэжилтнүүдийн (88 700 хүн ажилладаг) 80 хувь нь цомхотголд өртөж, өөр салбар луу шилжжээ. Манай улс 2018 онд түүхэндээ хамгийн олон буюу 570 мянган жуулчин хүлээж авсан, ирэх жилүүдэд үүнийг хоёр дахин өсгөх боломжтой хэмээн хөл хөөрцөг болж байлаа. Харин одоо 500 мянга, нэг сая гэдэг тоо дэндүү холын мөрөөдөл болж хувирав.
Дархлаажуулалт эрчимжиж, улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйтай холбоотойгоор аялал жуулчлал идэвхжиж эхэлснийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага мэдээлэв. Олон улсад утаагүй үйлдвэрлэлийн салбар сэргэж, урьдын хэвдээ ороход багадаа 3-4 жил шаардлагатай гэж дээрх байгууллагын шинжээчид дүгнэж байна. Харин манай улсын хувьд үүнээс хоёр дахин, магадгүй түүнээс ч их хугацаа шаардлагатай гэж бизнес эрхлэгчид муугаар зөгнөх боллоо.
ИХ ХҮЛЭЭЛТ ТАЛААР БОЛОВ
Хилээ хааснаар гадаадаас жуулчин хүлээж авах боломжгүй болж, тур операторуудын дийлэнхийнх нь үйл ажиллагаа доголдсон хэдий ч энэ цаг хугацааг дотоодын аялал жуулчлалаа өөд нь татах боломж гэж харах хүн олон байв. Эдийн засаг агшиж, олон мянган ажлын байр үгүй болсон ч монголчууд гадаадад жуулчлахдаа зарцуулдаг мөнгө (2019 онд 615 сая ам.доллар)-ний ядаж тал хувь нь орон нутагт шингэнэ гэж мэргэжилтнүүд үзсэн. Энэ тооцоолол 2020 онд биеллээ олж, аймгууд аялагчдын хөлд дарагдсан юм. Ялангуяа Хөвсгөл, Баян-Өлгий, Дундговь, Архангай, Өвөрхангай зэрэг байгалийн дурсгалт газар олонтой аймгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд бодитой дэмжлэг болсон. Тиймээс Монголын аялал жуулчлалынхан энэ зуныг илүү өөдрөгөөр төсөөлж байлаа. Тэд “2021 он бол дотоодын жуулчид эх орондоо хөрөнгө оруулах жил”, “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж аль хавраас ярьж, уриалсан. Төрийн өндөрлөгүүдийн “Ковидгүй зун айсуй” хэмээх “уран зөгнөл”, дархлаажуулалтын ирц тэдэнд бүр ч их найдвар төрүүлээд байв.
Гэтэл бодит нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, шал дордов. Коронавирусийн тархалт эрчимжиж, наймдугаар сарын 31 хүртэл үйл ажиллагааг нь хориглосон 12 чиглэлийн үйлчилгээний газрын тоонд амралтын газар, жуулчны бааз, зочид буудлууд багтав. 18 аймгийн 176 сум хөл хорио тогтоолоо. Зарим аймаг намар хүртэл, цаг үеийн нөхцөл байдал сайжиртал жуулчин хүлээж авахгүй байхаар шийдвэрлэв. Тодорхой шалгуур, журмын дагуу иргэдийг нэвтрүүлж буй аймаг, сумынхан өөр газраас, ялангуяа Улаанбаатараас очсон иргэдийг гадуурхах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах асуудал хаа сайгүй гарч байна. Бүр гаднын хүмүүсийн зургийг олон нийтийн сүлжээнд түгээж, сумынхнаараа нийлж шоглон, гадуурхсан явдал гарчээ. Хөл хоригдож, дөрвөн хананы дунд хашигдсан нийслэлчүүд цэвэр агаар цээж дүүрэн амьсгалж, цар тахлын дарамтаас түр ч атугай амсхийх гэтэл ийнхүү олон давхар эсэргүүцэлтэй тулгарлаа. Үндсэндээ хот, хөдөөгийнхний хооронд үл ойлголцлын, болгоомжлолын хана хэрэм боссон. Иргэд хүссэн газартаа тааваараа аялж, амрах боломж хязгаарлагдав. Аялал жуулчлалынхан хамраараа газар хатгав. Их хүлээлт талаар боллоо.
ДҮЛИЙ ТӨР
Манай улс коронавирусийг угтаж, сөрж тэмцэлдээд хоёр жил болов. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш найман сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч энэ хугацаанд Засгийн газар бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ тэнхрүүлэх дорвитой, оновчтой арга хэмжээ авч чадалгүй байсаар өнөөдөртэй золголоо. Аялал жуулчлалын салбарынхан мартагдсан гэхэд хилсдэхгүй. Өмнөх нь уулзалгүй тойрч гүйсээр, одоогийн Ерөнхий сайд нь баахан итгэл төрүүлчихээд, таг чиг болсон.
Аж ахуйн нэгжүүд байж болох, гар сунгах боломжтой бүх эрх мэдэлтнээс тусламж гуйв. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд Засгийн газрын гишүүдэд хүртэл хандаж, гарц, шийдэл эрэлхийлсэн. Гэвч хэн нь ч тэдний үгийг тогтож сонсоогүй. Хүлээж авч уулзаж, албан ёсны хариу илгээсэн нь үгүй гэнэ. Өдгөө тэд зээл тусламж, хөнгөлөлт хүсэхээс илүү цар тахлын үед аялал жуулчлалын үйлчилгээг зохицуулах журамтай болохыг чухалчилж байна.
…Олон жил дуншсан бүтээн байгуулалт, аялал жуулчлалын гол дэд бүтэц гэдэг үүднээсээ эл ажил түүхэн бүтээн байгуулалт мөнөөс мөн. Гэвч аялал жуулчлалын салбарынханд үүнийг алга ташин хүлээж авах “тэнхэл” алга. Гадаадын жуулчин байтугай дотоодын аялагчдаа хүлээж авах эрх, боломж тэдэнд үгүй…
Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай холбоо аялал жуулчлалын үйлчилгээг зохицуулах түр журам боловсруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайдад өргөн барьсан. Ийм журамгүй болохоор гадаадынхан манай улс руу аялахаас татгалзаж, жагсаалтаасаа хасаж байна. 2019 оноос хойших аяллаа түр хугацаанд түдгэлзүүлсэн 40 мянга гаруй жуулчин бий” хэмээн дурдсан байна билээ. Энэ бол манай улсын аялал жуулчлал ямар ч төлөвлөлтгүй, эрсдэлийн менежментгүй “явж ирсний”, одоо ч тийм байгаагийн бодитой жишээ юм. Тус салбарыг сэргээхийн тулд ямар арга хэмжээ авах, алдагдлаа хэрхэн нөхөх зэрэг хоолойд тулсан асуудлын хариу ч одоо хэр нь тодорхойгүй буй.
Үйл ажиллагааг нь хориглосон 12 чиглэлийн байгууллагуудыг энэ сарын 4 (өчигдрөөс)-нөөс шат дараатай нээхээр болсноо холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Ийм ажиг сураг гарсан даруйд дээрх холбооныхон нийслэлийн ойр орчмын жуулчны бааз, амралтын газруудыг багтаах хүсэлтийг хотын даргад өгчээ. Өчигдөр гэхэд салбарын бизнес эрхлэгчид энэ асуудлаар нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газрынхантай уулзлаа. Коронавирусээс урьчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэм чанд баримтлан ажиллахаа баталгаа болгож, хариуцлагын гэрээ байгуулах санал дэвшүүлжээ. Эндээс гарах шийдвэр нэгэнт “зүрх нь” зогссон салбарыг амь оруулах хэмжээний дэм болохгүй ч ажилтнуудаа алдахгүйн төлөө байдаг чадлаараа мэрийж буй цөөн хэдэн газрын үйл ажиллагаанд нэмэртэй гэж үзжээ. Гэр бүлийнхэн, эсвэл зургаагаас цөөн хүнтэй бүлэг аялагчид батлагдсан чиглэлийн дагуу, халдвар хамгааллын дэглэм баримтлан, амралтын газраар үйлчлүүлэхэд эрсдэл бага хэмээн тооцоолсон байна. Харин шийдвэр гаргагчид үүнийг хүлээн зөвшөөрөх, эсэх нь бүрхэг агаад эргэлзээтэй.
“АЖИЛГҮЙ” НИСЭХ БУУДАЛ
Цар тахал нүүрлэсэн хүнд цаг үед жуулчдын аюулгүй байдлыг яаж хангах, ямар шалгуур баримтлах, эрсдэлийг хэрхэн тооцоолж, үнэлэх вэ гэдэг бодлого, төлөвлөлт аялал жуулчлалын салбарт ус, агаар шиг чухал. Дэлхийн орнууд коронавирусийн сургаар энэ чиглэлийн төлөвлөгөө, тактик боловсруулж, бэлэн байдлаа хангажээ. Харин манай улс аялал жуулчлалын үйлчилгээг зохицуулах түр журмаа ч батлалгүй, гагцхүү бүхнийг хорьж, хаах бодлого баримталж ирсэн. Холбогдох албаны хүмүүс нэн тэргүүний ийм асуудлаа шийдээгүй атлаа том бүтээн байгуулалт, төсөл тойрч “гүйн”, увайгүй улстөржсөөр байна.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад оруулснаар аялал жуулчлал сэргэчих юм шиг, салбарын тулгамдсан асуудал шийдэгдчих мэт аяглах дарга, албан тушаалтан олшров. Зарим нь бүр өөрсдөө бүтээн байгуулчихсан аятай саймширч, байсхийгээд л хэвлэлийнхнийг “дууддаг” ажилтай болсон.
“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нээлт өчигдөр болж, МИАТ-ийнхэн Улаанбаатараас Токиогийн чиглэлд анхны нислэгээ үйлдэв. Цаашид 12 авиа компани нислэг үйлдэх аж. Олон жил дуншсан бүтээн байгуулалт, аялал жуулчлалын гол дэд бүтэц гэдэг үүднээсээ эл ажил түүхэн бүтээн байгуулалт мөнөөс мөн. Гэвч аялал жуулчлалын салбарынханд үүнийг алга ташин хүлээж авах “тэнхэл” алга. Гадаадын жуулчин байтугай дотоодын аялагчдаа хүлээж авах эрх, боломж тэдэнд үгүй. Франц, Герман, Чех, Канад, Австрали, Япон, Швед зэрэг 80 гаруй улс монголчуудыг хүлээж авахгүй гэдгээ зарлаж, эрсдэлтэй бүсээр нэрлэв. Дархлаажуулалтаараа дэлхийд тэргүүлсэн атлаа нэг сая хүнд ногдох үхэл, өвчлөлийн тоогоор ч бусад улсыг хол хаясан Монголоос дэлхий цэрвэж эхэллээ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Далайд гарцгүй Монгол орныг дэлхийтэй холбох гүүр” гэж онцолсон бол салбарын бизнес эрхлэгчид “Тийм олон жил хүлээлгэж, дуншчихаад, ингэж алмайрах гэж” хэмээн халаглаж байна. Аялал жуулчлалд бүтээн байгуулалт, дэд бүтэц чухал. Гэхдээ түүнээс чухал зүйл бол жуулчдын аюулгүй байдал, эрсдэлийн менежмент гэдгийг энэ үйл явдал баталлаа. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг энэ ажгуу.