Өнгөрсөн баасан гарагт нефть импортлогч компаниуд АИ-92 автобензиний үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр өсгөж, 1750 болголоо. Эргэн сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт өнгөрсөн сард нефть импортлогч компаниуд, холбогдох ассоциац, холбоодоос бензиний үнийг нэмэх талаар албан тоот хүргүүлж байв. Сүүлийн саруудад газрын тосны үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсээр буй тул дотоодод борлуулж байгаа шатахууны ханшид өөрчлөлт оруулах нөхцөл бүрдсэн хэмээн нефть импортлогч компаниуд мэдэгдэж буй.
Манай улс газрын тосыг 100 хувь импортолдог. Монголд борлуулах шатахууны үнэд дэлхийн зах зээл дэх “хар алт”, ам.долларын ханш, хилийн үнэ нөлөөлдөг. Баасан гаргийн байдлаар дэлхийн зах зээлд WTI маркийн баррель нефтийн ханш 75.1, “Brent” төрлийнх нь 76.1 ам.долларт хүрч өслөө. Манай шатахууны хэрэглээний 33 орчим хувийг АИ-92 автобензин эзэлдэг талаар АМГТГ-аас өнгөрсөн сард мэдээлж байв.
Ташрамд дурдахад, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн болон бусад үйлдвэрлэгч орны Сайд нарын цахим уулзалт өнгөрсөн баасан гарагт болсон ч бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээгээнэмэх, эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүй өндөрлөсөн агаад өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх тухай CNBC мэдээлэв. Үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ ирэх сараас өдөрт 400- 500 мянган баррелиар нэмж магадгүй хэмээн зарим эх сурвалж өгүүлснийг “Reuters” эш татжээ.
Бэлтгэсэн Б.Сонор