Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар Засгийн газраас өмнө нь шийдвэрлэж, нээлтийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байсан билээ. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, цар тахлын хүнд үед 2.5 тэрбум төгрөгийг наадамд зарцуулах нь буруу хэмээн иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт төв талбайд жагсаал зохион байгуулснаар Улсын онцгой комисс, Засгийн газар шийдвэрээ өөрчлөхөд хүрэв. Энэхүү шийдвэр нь орон нутагт ч хамааралтай. Өөрөөр хэлбэл, бүх аймаг, сумд наадам хийхгүй, хурдан морины бүсийн уралдаан, уул, овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй. Харин өмнө нь шийдвэрлэснээр наадмын хугацаанд ес хоног амрах зохицуулалтыг хэвээр мөрдөх нь. Засгийн газраас ийнхүү шийдвэрлэхээс өмнө 12 аймгийн удирдлага “Цар тахлын үед наадам зохион байгуулахгүй. Харин үүнд төсөвлөсөн хөрөнгөө коронавирустэй тэмцэх ажил болон эрүүл мэндийн салбартаа зарцуулна” хэмээн мэдэгдээд байв. Эрүүл мэндийн яам болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс наадам зохион байгуулбал 12 000 хүний бөөгнөрөл үүсэж, 3000 орчим иргэн халдвар авах эрсдэлтэй хэмээн тооцоолжээ.
Наадмын бэлтгэл ажлын хүрээнд нээлт, хаалтын контентын ихэнх хэсгийг бэлтгэснийг Соёлын сайд Ч.Номин хэлэв. Тэрбээр “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Уг төсвийн дөрөвний нэгийг соёл урлагийн арга хэмжээнд зориулахаар төлөвлөсөн. Наадмыг цахимаар зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарсан тул бид халдвар хамгааллын дэглэм баримтлан бэлтгэлээ хангаж байлаа. Үүний дагуу наадмын нээлт, хаалтад зориулсан соёл урлагийн арга хэмжээг тодорхой хэмжээнд бүтээсэн. Нэгэнт бүтээчихсэн контентыг өдий хүртэл хийсэн хэмжээнд нь цэгцлээд, олон нийтэд хүргэнэ” гэлээ.