Баянзүрх дүүргийн иргэн эрүүл мэндийн байгууллагын тусламж авч чадалгүй, эмнэлгийн гадна хашаанд нас барсан хэрэг өчигдөр гарсан билээ. Тухайн иргэн бие нь өвдсөн даруйд Баянзүрх дүүргийн нэгдсэн болон "Энэрэл" эмнэлэгт үзүүлэхээр очсон боловч эмнэлгийн ажилтнууд үйлчилгээ үзүүлэхгүй байсаар гудамжинд амиа алдахад хүргэсэн юм.
Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр эл асуудлаар тайлбар өглөө. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Нас барсан иргэн Чингэлтэй дүүргийн 50 дугаар байрны зоорины давхарт амьдардаг байсан. Тухайн хорооны хэсгийн ахлагч алт, мөнгөний дархан хийдэг хоёр иргэн эл байранд амьдардаг байсан хэмээн мэдээлсэн. Мөн нас барсан иргэн сүүлийн 10 хоног согтууруулах ундаа тогтмол хэрэглэж байсан хэмээсэн. Тус иргэн долдугаар сарын 02-ны 09.30 минутад түргэн тусламж дуудсан байна лээ. Яаралтай түргэн тусламжийн эмч очиж үзээд уушгины хатгалгаа туссан хэмээн дүгнэж, өрхийн эмнэлэгт хандахыг зөвлөсөн болох нь тогтоогдсон. Улмаар иргэн "Энэрэл" эмнэлэгт хандсан боловч тухайн эмнэлэг өнгөрсөн зургаадугаар сарын 9-нөөс коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж эхэлсэн учир үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан. Тиймээс дээрх эмнэлгийнхэн хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад багтаагүй байсан учир Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхийг санал болгосон байна лээ. Харин Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийнхэн талийгаачид үйлчилгээ үзүүлэлгүй дахин "Энэрэл" эмнэлэг рүү явуулсан байсан. Яг энэ үед түүний бие нь муудаж, "Энэрэл" эмнэлгийн гадна хашаанд ухаан алдаж унасан байсан бөгөөд тус эмнэлгийн түргэний машины жолооч тусламж дуудсан боловч нас барсан байсан. Иймээс хариуцлагагүй үйлдэл гаргасан Баянзүрх дүүргийн нэгдсэн болон "Энэрэл" эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцно" хэмээв.