Эрүүл мэндийн сайд С.Энхболд манай улсад коронавирусийн дельта хэлбэр бүртгэгдсэнийг өчигдөр мэдээлэв. Коронавирусийн аль хэлбэр манайд тархсаныг тодруулахаар Япон руу 50 сорьц илгээн шинжлүүлэхэд таваас нь дельта хэлбэр илрүүлсэн аж. Тэдгээр нь гадаадаас ирсэн иргэнээс авсан сорьц гэнэ. “Дэлхий нийтэд “Ковид-19”-ийн дельта хэлбэр тархаж, уг өвчний гурав дахь давлагаа эхэлж байна. Дельта хэлбэрийн вирусээр халдварласан иргэдийг тусгаарласан. Тиймээс манай улсад уг хэлбэр тархсан гэж үзэхгүй. Манай эрдэмтэд ч энэ чиглэлээр хэд хэдэн судалгаа хийж байгаа. Тэдгээр судалгаагаар нийт халдварын 88-90 хувь нь альфа (Британид анх тархсан) хэлбэрийнх болохыг тогтоосон. Тодруулбал, өнгөрсөн сард 500 сорьцод судалгаа хийхэд 90 хувь нь альфа хэлбэрийн вирус байсан” гэж С.Энхболд сайд хэллээ. Түүнчлэн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Манай улсад бүртгэсэн нийт халдварын 80-95 хувь нь альфа хэлбэрийнх. Үлдсэн 5-10 хувь нь бусад хэлбэр гэсэн үг. Үүний дотор дельта хэлбэр байгаа, эсэх нь одоогоор тодорхой болоогүй” хэмээлээ.