Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар хэвлэлийн бага хурал хийлээ. Цар тахлын үеийг далимдуулан эрх бүхий байгууллагууд нь хууль зөрчиж, иргэд нь онцгой нөхцөл гээд үүнийг нь хүлцэн тэвчдэг явдлыг ковидизм гэж тодорхойлсныг дэд дарга Ц.Оюундарь хэлсэн юм. Тэрбээр “Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд ямар ч уялдаа холбоогүй байна. Жишээ нь, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх сарыг дуустал сунгасан. Энэ хугацаанд бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарласан гэсэн үг. Гэтэл бизнес эрхлэгчид, иргэдийг уржигдраас эхлэн банкны зээлээ төлөхийг шаардлаа. Орлогын эх үүсвэрийг нь хаасан байхад зээлээ төлөх боломжгүй, Монголбанкны “хар жагсаалт”-д орно. Учир дутагдалтай энэ мэт олон шийдвэрээ онцгой дэглэмээр далимдуулан зөвтгөдөг эрх баригчдын үйлдэлд харамсаж байна” гэв.
Иргэд “Тэвчээр алдарлаа”, “No naadam”, “Эмч нараа хамгаалъя” гэсэн олон хөдөлгөөн өрнүүлж байгаа. Гэтэл Засгийн газраас заль гаргаж, аж ахуйн нэгжүүдтэй “хариуцлагын гэрээ” байгуулах замаар энэ бүхнийг аргацаан, улмаар хорих, хязгаарлах арга хэмжээгээ лавшруулсаар байгааг тэд шүүмжиллээ. Ч.Өнөрбаяр “ҮАБЗ, Засгийн газар биднээс хамаарахгүйгээр асуудлыг шийдэж байна гэж УИХ-ын гишүүд гомдоллох болсон. Тэгвэл Засгийн газартаа хариуцлага тооцох эрх УИХ-д бий. Өршөөлийн хууль баталж, Зөрчлийн тухай хуулийн дагуу ногдуулсан 78 тэрбум төгрөгийг торгуулиас чөлөөлөх гэнэ. Засгийн газрын тэргүүн хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг. Гэтэл Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлдэггүй юм байна. Ийм Засгийн газар ажлаа үргэлжлүүлэх эрхтэй юм уу. Мөн Зөрчлийн тухай хуулийг далимдуулж маш олон иргэнийг үндэслэлгүй торгодог. Ийм хууль зүйн бодлогогүй улс дэлхий дээр байна уу. Зарим хүн “Би хууль дээдэлж амьдарсныхаа төлөө хохироод үлдэх нь” гэж гомдоллож байна” гэв.
Гадаадын орнуудад суух Элчин сайд нарын нэрийг Засгийн газраас Ерөнхийлөгчид уламжилсан. Тэгвэл Ч.Өнөрбаяр энэ талаар “АН-ыг хагалан бутаргаж, МАН-ын Засгийн газрыг дэмжсэн, иргэдийн сонгох эрхийг “худалдсан” хүмүүс Элчин сайдаар томилогдохоор болжээ. Эрх баригчидтай нийлж намаа худалдсан хүмүүс албан тушаал ахиад явах шинжтэй. Ийм зарчимгүй, үнэт зүйлээ худалддаг хүмүүст АН хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.
АН-ын дэд дарга Б.Отгочулуу “Ковид”-ийн үеийн эдийн засаг гэсэн ойлголт бий болсон. Энэ нь иргэдийнхээ эрүүл мэнд болоод аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн орлогыг нэгэн зэрэг хамгаалах зорилготой. Гадаадад хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулах зэргээр бүх зүйл чөлөөтэй байна. Гэтэл Монголд хорьж, цагдсаар ирсэн хэрнээ иргэдийн эрүүл мэнд, бизнесийн алийг нь ч хамгаалж чадсангүй. Дарга ангийнхны бизнес энэ үед цэцэглэж, жирийн ардынх үүдээ хааж байна” гэв. Төсвийн тодотголд зөвхөн улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь хангалтгүй гэж тэд үзэн, эрүүл мэндийн салбарын бүх ажилтны цалинг багагүй хувиар өсгөж, халдварын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохыг шаардлаа.
Бэлтгэсэн : Б.Нандин