Манай улс 12-оос дээш настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж, “Пфайзер” вакцин хийж эхэлсэн. Өчигдрийн байдлаар 12-17 настай 83 402 хүүхэд вакцин хийлгэсэн байна. Улсын хэмжээнд энэ насны 290 068 хүүхэд байгаагаас 28.7 хувь нь одоогоор дархлаажуулалтад хамрагдсан гэсэн үг юм. Дархлаажуулалтын цэгүүдэд ачаалал их, хүүхдүүдийг олон цагаар гадаа дугаарлуулж байгааг иргэд шүүмжлэх болов. Ялангуяа өнгөрсөн сарын 28-наас 12-оос дээш настай хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлснээс хойш цэгүүдийн ачаалал эрс ихэссэн гэв. Энэ талаар нийслэлийн Онцгой комиссоос тодруулахад “Ачаалал хэвийн байгаа. Өчигдөр (уржигдар) гэхэд нийслэлийн хэмжээнд нийт 14 000 иргэнийг дархлаажуулахаар бэлтгэлээ хангасан. Гэтэл дөнгөж 8026 хүн вакцин хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн тоонд ч хүрэхгүй байна шүү дээ. Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэг бий. Үүнээс дүүргүүд дотоод зохион байгуулалтынхаа дагуу 1-2 цэгт зөвхөн “Синофарм”-ын вакцин хийж буй. Бусад бүх цэгт хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдах боломжтой” хэмээв.
Нөхцөл байдлыг дүүргийнхнээс тодруулахад, Багахангай, Багануур дүүрэгт дархлаажуулалтын тус бүр нэг, Налайхад хоёр, харин төвийн зургаан дүүрэгт 3-5 цэг байгааг хэлсэн юм. Чингэлтэй дүүрэгт гэхэд гурван цэг байгаагаас хоёрт нь хүүхдүүдийг дархлаажуулж байв. Мөн Хан-Уулын тав, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр гурван цэгт хүүхдүүдэд вакцин хийж байгаа гэв.
Бэлтгэсэн М.Оч