Манай улс 1991 оноос хойш 3-6 жилийн давтамжтайгаар (1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 он) зургаан удаа Өршөөлийн хууль баталжээ. Үүнээс гадна 2008 онд анх Татварын өршөөлийн, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталсан байдаг. Ингэхдээ Ардын хувьсгал ялсан, Их Монгол Улсыг байгуулсан гэх зэргээр түүхэн ой болон УИХ-ын сонгуулийг тохиолдуулан баталдаг нь уламжлал болсон гэмээр. Бараг парламент бүр Өршөөлийн хууль баталсан гэхэд болно. Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрхийг Үндсэн хуулиар УИХ-д олгосон. УИХ-ын сонгууль тохиолдуулан хоёр ч удаа Өршөөлийн хууль баталсан томоохон шалтгаан нь эл бүрэн эрхийг хэрэгжүүлдэгтэй нь холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Харин одоо Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Засгийн газраас боловсруулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ хаалттай хэлэлцэж байна. Уг нь ийм төслийг хаалттай хэлэлцэх дэг байхгүй ч олон нийтээс далд ярилцаж буй хэрэг. Энэ удаа нийгэм, эдийн засагт коронавирус цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор эл төслийг санаачилсан гэх тайлбарыг албаныхан, Ардын намынхан дайж буй.
Коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамран тархах, тэр дундаа жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд, биеийн дархлаа сул, архаг хууч өвчтэй, өндөр настай хоригдол, баривчлагдсан этгээд хүндээр өвчилж, амь насаа алдах аюултай нөхцөл бүрдэж болзошгүй гэж үзжээ. Тиймээс 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис зарах, үрэгдүүлэх, завших гэмт хэрэг үйлдсэн хүний үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор тусгасан байна.
Өршөөнө гэдэг нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, хуульд заасан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийг өр, төлбөр, эрүүгийн болон захиргааны хариуцлага, ялаас нь бүрэн, эсвэл хэсэгчлэн чөлөөлөхийг хэлж байгаа хэрэг. Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөөд зогсохгүй холбогдох мэдээллийг нь нууцлах, хяналт, шалгалт явуулах боломжийг үгүй хийсэн юм. Тэгвэл энэ удаа зарим төрлийн гэмт хэргээс гадна зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс нь нэг удаа өршөөх, чөлөөлөхөөр тусгажээ. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 онд өршөөл үзүүлэхдээ зарим этгээдийг захиргааны буюу зөрчлийн шийтгэлээс чөлөөлсөн юм билээ. Өдгөө зөрчлийн 93 хувийг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн, 3.5 хувийг олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан, бусад нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, тогтоомжийг зөрчсөн, танхайрсан хэрэг эзэлж байгаа гэнэ. 2017 оны долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хуулийг мөрдсөнөөс энэ оны эхний таван сарыг оролцуулан тооцвол бүртгэсэн нийт зөрчилд 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч 73 тэрбум нь төлөгдөөгүй байгаа. Голдуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүмүүст ногдуулсан ийм хэмжээний торгуулийг өршөөж, төлүүлэхийг нь болиуллаа гэж шүүмжлээд байгаа нь ийм учиртай. Мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдүүдийн ялаас хоёр жилийг хасахаар тусгасан нь анхаарал татаж байна.
Өнгөрөгч 24-ний өдрийн байдлаар хоригдож, цагдан хорих таслан сэргийлэх болон хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авсан, баривчлах шийтгэл эдэлж байгаа гээд нийт 9987 хүн бий юм байна. Мөн торгох, нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ял шийтгүүлсэн 3682, тэнссэн, хорих ял ногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан, хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон, хүмүүжлийн, эмнэлгийн чанартай болон хөрөнгө, орлогыг нь хураах, эрх хасах албадлагын арга хэмжээ авсан 4529 этгээдэд хяналт тавьж буй аж. Хуулийн төсөл батлагдвал нийт 39 156 этгээдийг хамруулах бөгөөд 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371-ийнх нь ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469-ийнх нь хорих ялаас хоёр жилийг хасах бол 3129 нь хорих анги, байгууллагад үлдэх юм байна. Зөрчлийг нь өршөөж байгаа учраас хамрагдах хүний тоо хавьгүй нэмэгдчихэж байгаа юм. Гэсэн ч нийт ялтны 16.7 хувьд энэ удаагийн хууль нөлөөлөхөөр байгаа бөгөөд өмнөх өршөөлүүдээс хүрээ, хязгаарыг нь нэлээд хумьсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд онцолно лээ. Өмнөх өршөөлөөр нийт ялтны 40 орчим хувь нь хамрагдаж байсан аж.
Харин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг болон авлига, албан тушаалын гэмт хэрэг өдүүлсэн этгээдүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулжээ. Гэхдээ өршөөлд хамруулахгүй гэж зааснаас бусад зөрчил үйлдэж, ногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор буй юм билээ.
Түүх сөхвөл, гэмт хэрэг үйлдэж, ялд унасан этгээдүүдийг бүгдийг нь хамгийн анх Өгөдэйг хаанаар өргөмжлөн залах үед өршөөж байсан аж. Харин Монгол Улсын түүхэнд анхны социалист эрх зүйн систем нэвтэрч эхэлснээс хойш, Ардын засгийг байгуулсны 10 жилийн ойг тохиолдуулан баталж, тодорхой давтамжтайгаар Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж иржээ. Ийнхүү 20, 30, 40 гэх мэтчилэн Ардын хувьсгалын тэмдэглэлт ойг тохиолдуулан гэмт хэрэгтнүүдийг өршөөн хэлтрүүлсэн түүхтэй. Ингэхдээ гол төлөв хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй этгээд болон эмэгтэйчүүдийн эдлэх ялыг өршөөдөг жишиг нэгэнт тогтсон.
Гэвч сүүлдээ өршөөж, нигүүлсэх гэсэн бодлогынхоо агуулга, ач холбогдлыг бодолцохоос илүү хэлбэр, хэдхэн хүнд таалагдах гэсэн явцуу зарчим давамгайлж байна гэх шүүмжлэл гарах болсон нь нууц биш. Үндсэндээ хэнийг өршөөх вэ гэдэг нь хардлага дагуулж эхэлсэн. Ямар сайндаа л зарим нь УИХ-ын гишүүд өөрсдийгөө өршөөх хууль баталчих вий хэмээн хардаж суух билээ. Энэ төсөл ч үүний илрэл болов. Ял, шийтгэлээс зугтаах явдлыг өөгшүүлэх, хэдэн жилийн дараа Өршөөлийн хууль батлагдана гэх хүлээлт бий болгодог явдлыг энэ хуулиар дэмжиж буйгаас ялгаа алга. Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, харваачид ч энэ удаа өршөөгдөхөөр байгаа. Хаалттай хаалганы цаана батлахдаа өршөөлийн хүрээг өргөтгөж, хамруулах хүний тоог нэмж, магадгүй авлига, албан тушаалын хэрэгтнүүдийн толгойг илсэн шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Үнэмлэхүй олонх бүхий УИХ-д цөөнх, сөрөг хүчнийг төлөөлж буй цор ганц бүлгийн дарга нь хүртэл “Ардын хувьсгалын 100 жил болж байгаа юм чинь өршөөх хэргүүдийг нэмье, хүрээ хязгаарыг нь тэлье” гэсэн санал тавиад сууж байна шүү дээ.
Жил гаруйн өмнө танилцуулсан “Өршөөлийн хуулиудад хийсэн дүн шинжилгээ” бодлогын судалгааны тайланд ч шалтгаан, нөхцөлийг нь бүрэн тодорхойлохоос илүүтэй тэгш ойн баяр, сонгууль зэрэг түүхэн үйл явдлыг тохиолдуулан хэт ойр ойрхон өршөөл үзүүлж ирсэн талаар дурдсан байна. Үнэхээр ч Өршөөлийн хуулийг баталснаар ялын бодлого, гэмт хэргийн гаралт, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаар ямар ч судалгаа алга. Эерэг нөлөө гарсан, наад зах нь гэмт хэргийн тоо буурсан уу гэвэл үгүй аж. Татварын өршөөл үзүүлсний дараа жил татварын орлого огцом нэмэгдэх ёстой байтал эсрэгээрээ буурсан, илэрхий өөрчлөлт гараагүй нь уг хуулийн үр дүн хэр зэрэг байсан бэ гэдэгт хариулт болох биз. Харин ч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тодорхой хэдэн хүнийг өршөөх, тэдгээр нь учруулсан хохирлоо нөхөн төлдөггүй, цаашлаад ялын бодлого алдагдуулдаг, хууль сахиулах байгууллагуудын идэвхийг сулруулдаг гэх зэрэг сөрөг үр дагавартайг судлаачид тэмдэглэжээ. Тэгээд ч гадаад улс, орнуудын туршлагаас харахад, Франц, Орос, Австри, Итали, Хятад, Япон, БНАСАУ-д өршөөлийг нэн шаардлагатай гэж үзсэн үед, тухайлбал, түүхэн дайн болон бослогод оролцсон, хөнгөн гэмт хэрэг, өндөр настай хүмүүс зэрэг тодорхой бүлгийнхэнд үзүүлэхээс бус, бүх нийтээр нь, манайх шиг ойр ойрхон Өршөөлийн хууль баталсан тохиолдол үгүй аж.