Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, улс, аймаг, сумын наадмаа энэ жилдээ тэмдэглэхгүй өнжихөөр шийдсэнээ мэдэгдэв. Төв талбайд цугласан морьтонгууд дээрх шийдвэрийг эсэргүүцэж, гурав хоног жагсана гэдгээ илэрхийлэв. Үзэл бодлоо илэрхийлэх нь хэн бүхэнд нээлттэй. Гэвч уяачид охид залуусыг "Хужаа, хужаагийн эрлийз" хэмээж, "No naadam"-д нэгдсэн ээж шигээ эмэгтэйчүүдийг элдэв доромж үгээр хэлж байсан юм. Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллоос ирсэн морьтон залуус гурав хоног төв талбайгаас явахгүй хэмээж, улмаар наадам хийхийг эсэргүүцэж буй иргэдийг ад үзсээр байв. Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур сумын 20 гаруй уяач уржигдар нууцаар сунгаа хийж, зургаан настай хүү уралдааны замд мориноосоо унаж, газар дээрээ амиа алдсан юм. Гэсэн ч уяачид хүүхдүүд бидэнд хамаагүй, даатгалын компани эсвэл эцэг эхээс нь энэ талаар асуу хэмээв.