“Энхсаран” сувиллын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Доржсүрэн өнөөдөр 13.30 цагт хийхээр товложээ. Уг хэлэлцүүлгээр хавтаст хэргийн бүрдэл хангагдсан, эсэх, шүүхээр шийдвэрлэх боломжтой, үгүйг хэлэлцэнэ. Улмаар шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлын товыг тогтоох юм. Харин уг есөн хүний үйлдлийг дутуу шалгасан гэж үзвэл прокурорын хяналтад буцаана.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Энхсаран” сувиллын захирал О.Түмэнбаяр, халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд болох Г.Ганцэцэг, Н.Батжаргал, Н.Ганболд, Б.Баттулга, тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан иргэн Д.Мөнхбат, Б.Энхцэцэг, Б.Зориг, Б.Батдэлгэр нарт Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчний вирусийг халдаасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлээд буй билээ.
Д.Мөнхбат тэргүүтэй дөрвөн хүн халдвар хамгааллын дэглэм зөрчиж, амны хаалтаа ч зүүлгүй тусгаарлах байрны өрөөнөөс гарч, хонгилд хүмүүстэй ярилцаж байсан хяналтын камерын бичлэгийг нотлох баримт болгож хэрэгт авсан байдаг. Түүгээр зогсохгүй тус сувилалд Энэтхэгээс ирсэн ламхай нарыг тусгаарлаж байсан бөгөөд тэднийг ч халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж, заримыг нь яллагдагчаар татахаар болоод байсан юм. Яллагдагчаар татагдсан дөрвөн иргэний нэг бус нь ламхай байхыг үгүйсгэхгүй.