Хүн бүр мэдэх эрхтэй. Энэ эрхийг төр хуулиар хамгаалж хангах үүрэгтэй. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ эрхийг хязгаарлахыг оролдож буйгаа эргэж нэг хараарай. Хэдийгээр цар тахал болон бусад шалтгаанаар есдүгээр сар хүртэл хойшлуулах захирамж гаргасан ч хэргийг тус шүүх хэлэлцэх нь тодорхой учраас ийнхүү захиж байна.
“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон түүний удирддаг компанид ажилладаг байсан Д.Баттөгс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарт холбогдох хэргийг тус шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон байв. Гэвч хэрэг нууцлалтай, хаалттай хэлэлцэнэ хэмээн сурвалжлах хүсэлт тавьсан хэвлэлийнхнийг оруулахгүй гэж шүүхийнхэн хэлнэ лээ. Уг нь Д.Сүндий нарт холбогдох хэрэг нууцлаад байх шаардлагагүй, олон нийтэд мэдээлэл нь тарчихсан. Тодруулбал, шүүгдэгч Д.Сүндий эхнэртээ гар хүрч, хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгуулж байхад нь түүнд ашигтай байдлаар уг асуудлыг шийдвэрлүүлэхээр 2020 оны дөрөвдүгээр сард Д.Баттөгс 20 сая төгрөг захирлаасаа авч, 10 саяыг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд, тавыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавт өгч, үлдсэн таван сая төгрөгийг нь өөртөө байлгаж байгаад үрж дуусгасан нь тодорхой болсон. Ийм байтал иргэдийн мэдэх эрхийг зөрчиж, нууцлаад байх шаардлагагүй, олонд бүх зүйл нь тодорхой болсон эрүүгийн хэргийг “нууц” гэсэн дардсаар халхавчлах нь өөрөө хууль бус үйлдэл. Шүүхийн тухай хуулийн 12.2-т “Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна” гэсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2-1-т “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, 18 насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэсэн байгаа.
Д.Сүндий нарт холбогдох хэргийг шалгасан АТГ-ынхан энэ хэрэгт нууцлах зүйл байхгүй гэдгийг баталсан. Хэдийгээр гүйцэтгэх ажлын магадлал нь нууц ч шүүх хурлын практикт тухайн хэсгийг нь хаалттай хэлэлцээд, бусад үед нь нээлттэй явуулсаар ирсэн билээ. Тиймээс 2021 оны есдүгээр сарын 9-нд дээрх дөрвөн хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэхдээ хэвлэлийнхэнд нээлттэй байх зарчмаа баримтлахыг хүсье.