Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага зургадугаар сар дуусаж байхад эмч, ажилчдынхаа цалинг олголгүй өнөөдрийг хүргэжээ. Цар тахал тус аймагт дэгдэж, эмч, сувилагч, асрагч нар нойр хоолоо умартах шахам ажиллаж байхад тэднийхээ цалинг нэмэх нь бүү хэл, олгохгүй удаж байгаа нь удирдлага, Санхүүгийн албаныхных нь хариуцлагагүйтэй холбоотой гэхэд хилсдэхгүй. Уг нь ЭМЯ-наас Нэгдсэн эмнэлгүүдийн санхүүжилтийг эрт олгосон хэмээсэн ч дээрх байгууллагынхан ийнхүү цалингаа тавихгүй өдий хүрсэн нь хачирхалтай. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхны өгүүлж буйгаар цалингаа цагт нь олгоогүй тохиолдол ганц энэ биш, удаа дараа давтагдаж буй гэнэ. Нэгдсэн эмнэлгийн удирдлага, Санхүүгийн албаныханд энэ асуудлыг хэлэхэд тухайн ажилтнаа хавчиж, гадуурхдаг учраас гомдол мэдүүлэх хүн бараг үгүй болжээ.
Гэвч цалингаа авч чадахгүй байгаа Хэнтийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрынхандаа мэдээлэл хүргэсэн юм байна. Үүнийх нь дагуу Засаг дарга Ц.Идэрбат аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ)-ын дарга Л.Мэндбаяр, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга С.Хэнчмэдэхгүй, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, тус эмнэлгийн Санхүүгийн албаныхан, нягтлан бодогч нартай уулзжээ. Улмаар “Нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа энэ сарын цалинг тавьж чадахааргүй хэмжээнд хүрсэн байна” гэж дүгнээд ЭМГ-ын дарга нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүсэлт тавьж, 250 сая төгрөг шийдвэрлүүлэхээр болжээ. Ингэснээр Нэгдсэн эмнэлгийн 300 гаруй ажилтны цалинг өнөөдөр олгох гэнэ. Мөн “Ковид-19” өвчний үед эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх байтал өгч ч чадахгүйд хүргэсэн шалтгааныг нарийвчлан судалж тогтоолгохоо мэдэгджээ.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат уг албан тушаалд томилогдоод удалгүй Эрүүл мэндийн сайдтай уулзан 2020 оны наймдугаар сард Нэгдсэн эмнэлгийн 500 гаруй сая төгрөгийн өрийг шийдвэрлүүлж, эмч, ажилтны орон тоог 10-аар нэмүүлсэн юм байна. Улмаар эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж авах ажлыг шат дараатай шийдвэрлээд зогсохгүй өнгөрсөн дөрвөн жилд аймгийн Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулсныг тодотгосон аж. Түүгээр ч зогсохгүй тухайн үедээ уг эмнэлгийнхэнд санхүүгийн сахилга хариуцлагатай байхыг анхааруулсан юм байна. Гэвч байдал хэвээрээ, эмч, ажилтнууд цалингаа авч чадахгүйд хүрсэн явдал давтагдаж буй учраас ЗДТГ-ын дэргэдэх төрийн аудит болон санхүүгийн хяналт, дотоод аудитын албыг Нэгдсэн эмнэлгийн санхүүд шалгалт хийх чиглэл өгч, хүсэлт хүргүүлжээ. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын буруутай үйлдлээс болж зөрчил дутагдал гаргаж, өр үүсгэсэн бол хариуцлага тооцох ёстойг ч Засаг дарга Ц.Идэрбат сануулсан гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа