-Албаны хүн “Халдваргүйжүүлэлт тогтмол хийж байгаа” гэв
Нийтийн тээврийн автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, хяналтыг хэрхэн хийж, иргэдийн хандлага ямар байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Ариунсайханаас тодрууллаа. Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, халдварын тоо буурахгүй байгаатай холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байна. 1020 автобусыг өглөө бааз дээр нь, өдөр цайны цагаар, мөн оройд буюу өдөрт тогтмол гурван удаа угааж цэвэрлэн, хаалга, бариул, суудлуудыг ариутгалын бодистой уусмалаар арчдаг. Уг ажилд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тогтмол хяналт тавьж, хөдөлгөөнт болон суурин 14 байршилд авто тээврийн хяналтын улсын 14 байцаагч ажилладаг. Шалгахдаа цэвэрлэгээ, үйлчилгээ, аюулгүй байдал, иргэд хоорондын зайг бариулан зорчуулж буй, эсэхийг хянадаг. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 99, “Зорчигч тээвэр-3” компанийн 23, “Сити баз консалтинг” ХХК-ийн 110 гээд нийт 232 шалгагч автобусны буудлуудад хяналт шалгалт тогтмол хийж байгаа. Халдварын тархалт буурахгүй байгаа энэ үед иргэд ухамсартай байх шаардлагатай. Хүн хоорондын зайгаа барихаас авхуулаад халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах нь чухал. Нийтийн тээврийн хэрэгсэл нэг буудалд 5-8 минутын давтамжтай ирдэг, түгжрэлээс шалтгаалж давтамж хойшлох тохиолдол бий. Дараагийн автобус ирэхийг хүлээхгүй эхнийхэд чихцэлдэж сууснаар халдвар хамгааллын дэглэм алдагдах нөхцөл байдал үүсдэг” гэв.
Албаны хүн ингэж ярилаа. Гэтэл өдгөө нийтийн тээврийн хэрэгслийн олонх нь сүүлд хэзээ цэвэрлэсэн юм бол гэмээр бохир байна. Иргэд ч нийтийн тээврийн хэрэгсэл бохир байгааг шүүмжлэх болсон. Тухайлбал, маш бохир сандал, танхим нь шороо тоос, хир буртагтай, зорчигч бууж, суугаагүй байхад хөдлөх, буудал зарлахгүй байх зэрэг асуудал их байгаа аж. Мөн жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, чихэвчээр хөгжим сонсох, тамхи татах, ёс бус үг хэлэх, эргэлтийн цагаасаа 30-50 минутаар хоцрох, хурд хэтрүүлэн давхих, эгнээ байр сольж сүлжих тохиолдол ч гардаг. Мөн иргэд автобусанд эд зүйлсээ алдаад хайх болоход хяналтын камер нь ажилладаггүй зэргээр тоочоод байвал дуусахааргүй асуудалтай нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүд зорчсоор байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан