Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагын тусгай ажлын хэсэг шалгаж буй. Мөрдөн байцаах албаныхан Хан-Уул дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, бусдад халдах нөхцөл байдал бий болсон хэргийг шалгаж дуусаад, дээрх дүүргийн Прокурорын газраас төрийн байгууллагын таван албан тушаалтан, тэнд тусгаарлагдаж байсан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний дунд онцгой байдлын байгууллагын ажилтан ч буй.
Тэгвэл Онцгой байдлын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, алт олборлогчдод зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэрэгт шалгуулах болсныг хууль хяналтын байгууллагын хэд хэдэн эх сурвалж баталлаа. Улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байсан гурав, дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант тосгон руу зорчих зөвшөөрөл хэд хэдэн иргэнд УОК-ын Шуурхай штабыг удирдаж байсан, ОБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан өгсөн гэдэг. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны чиглэлд автомашинтайгаа зорчиж буй иргэд, тэдэнд газарчилж яваа хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэг УОК-ын Шуурхай штабын даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2021 оны гуравдугаар сарын 30-нд нийслэл, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссынхонд өгсөн тухай өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлд мэдээлж байсан. Тэдгээрийн дунд “Ковид-19”-ийн халдвартай хүмүүс байж, Бугант тосгоныхонд тараасантай холбоотойгоор ОБЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллага шалгаж буй юм байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга гэх албан тушаалд сахилгын шийтгэлтэй байхдаа, хууль, журмын холбогдох заалтыг зөрчин дэвшин томилогдсон, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГын Хангалт, үйлчилгээний ангийн захирагч, хурандаа Л.Баярсайхан нар хөл хорионы дэглэм үйлчилж байхад албаны машинаар Өмнөговь аймгийн нутаг дахь Дэмчогийн хийд рүү зугаалсан гэдэг. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тэдэнд хариуцлага тооцно хэмээж байсан ч өнөөг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй. Дээрх хүмүүсийг өмгөөлж ОБЕГ-ын удирдлага нь “Өмнөговь аймгийн Онцгой комисст шалган туслах ажлаар явсан” гэсэн тайлбар өгсөн билээ. Тодруулбал, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өмнөговь аймаг дахь постуудын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавих зорилгоор албан томилолтоор явуулсан. Харин албан томилолтоор ажиллахдаа гэр бүлийнхнээ авч явсан, сүм хийд орж, хорхог боодог хийж идсэн зэрэгт хариуцлагын асуудал яригдана. Албан томилолтын үед ийм асуудал үүсгэж болохгүй” гэж байсан.
Үнэхээр шалган туслах ажлаар явсан бол УОК-ын даргын тушаал шийдвэр гарч, ямар, ямар асуудлыг шалгаж, хэрхэн зөвлөсөн талаараа УОК-тоо тайлагнах ёстой. Харамсалтай нь шалган туслах ажлаар бус, амарч зугаалж явсан болохоор Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээгүй нь гарцаагүй. Гэтэл Шадар сайд, УОК-ын дарга нь ОБЕГ-ын тэргүүн дэд даргадаа хариуцлага тооцно хэмээн хэвлэлээр мэдээлчихээд таг чиг өнгөрч буй нь хачирхалтай. Магадгүй хэдхэн хоногийн дараа тангаргаа өргөх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хурандаа Ж.Чүлтэмсүрэн нэг ангид сурч байсан гэдгээр нь дулдуйдаад хариуцлага тооцохгүй өнгөрөөж ч болзошгүй.