ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалан уржигдар хийлээ. Улмаар Г.Доржпаламын гэм буруутай, эсэхийг тогтооход хавтаст хэрэгт цуглуулсан баримт хангалтгүй, түүнд хахууль өгсөн хүнийг зайлшгүй шалгаж, мэдүүлгийг нь авах ёстой гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-ын хяналтад буцаасныг эх сурвалжууд мэдээлэв. Өөрөөр хэлбэл, түүнд хахууль өгсөн, өдгөө УИХ-ын гишүүний бүрэн эрх эдэлж буй А.Адъяасүрэнгийн үйлдэл оролцоог зайлшгүй тогтоох ёстой гэж үзсэн бололтой. Үүний дагуу НПГ-ын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн “Яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг хэргийн бусад оролцогч УЕПГ-т хандан хэрэгсэхгүй болгуулж, А.Адъяасүрэнг мөрдөн шалгуулах хүсэлт хүргүүлэхээр болж буй гэнэ.
АТҮТ-ийн хэлтсийн дарга Г.Доржпалам нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс 2020 оны гуравдугаар сарын 31-нд 100 000 ам.долларын хахууль авсан хэрэгт холбогдсон бөгөөд НПГаас Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөг- чийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өөрийн хамаарал бүхий, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийн хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл авахын тулд хүргэнээр нь дамжуулан “Peace tower” дахь албан өрөөндөө дээрх хэмжээний валютыг А.Адъяасүрэн өгснийг хахууль авсан албан тушаалтан ч, түүний хүргэн нь ч мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч А.Адъяасүрэн УИХын гишүүний бүрэн эрхээр халхавчлан яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй байсаар нэлээд хугацааны дараа НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдорж эрүүгийн 2041000160196 дугаартай хэрэгт А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон билээ.