Согтуу залуу галт зэвсэг хэрэглэн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажононгоос тодрууллаа.
-Хэргийн газар яг юу болсон бэ?
-Цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүрэгт байрлах ресторанаар үйлчлүүлсэн хүн хэрүүл маргаан хийж, гар буу мэт зүйл гаргаж ирж танхайрсан” гэх мэдээллийг энэ сарын 13-ны өдөр 23:30 цагт хүлээн авсан. Уг гомдлыг шалгахад 29 настай, иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Т-тэй маргалдсаны улмаас автомашинаасаа хуванцар үрлэн сумтай, тоглоомон буу гарган хий буудсан нь тогтоогдсон.
-Энэ тохиолдолд тухайн иргэнд ямар хариуцлага тооцох уу?
-Ан агнах, буудлагын спортоор хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг “иргэний зориулалттай галт” зэвсэг гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг. Иргэн “Б” нь галт зэвсэг эзэмших эрхгүй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бусадтай маргалдаж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан асуудлаар шалгагдаж байна.