“Номын баяр-2021” арга хэмжээний үеэр зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан зохиолч цагдаагийн алба хаагчтай маргасан талаар ЦЕГ-аас тодруулж байна хэмээн бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг “Тус арга хэмжээний үеэр зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж, маргаан үүсгэж байна гэх дуудлагын дагуу Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид очиж 58 настай иргэн "Т"-г олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж, тухайн газраас холдуулсан” гэж мэдээллээ.
Харин "Номын баяр-2021"-ыг зохион байгуулагчдын зүгээс "Эл арга хэмжээнд оролцож буй бүх хүн зөвшөөрөл авч, вакцины хоёр дахь тундаа хамрагдсан байх шаардлагатай. Тухайн иргэн вакцины гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй байсан тул бид зүй ёсны шаардлага тавьсан. Гэвч тэрбээр, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд, номын клубийн охидод ёс бус үг хэллэг хэлж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан" гэв. Энэ талаар тус албаныхнаас тодруулахад "Иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Харин орилж хашхирч байсан гэх мэдээлэл бий. Мөн гаргасан үйлдлийг нь цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэж үзэхгүй" гэв.