Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр гарсан, эл үйл ажиллагаатай холбоотой долоон гомдол, мэдээллийг хууль сахиулах байгууллага шалгаж байгаа аж. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагийн мэдээлснээр эдгээрийн тавыг нь цагдаагийн байгууллага, хоёрыг нь ТЕГ-т шалгаж буй гэнэ. Уг долоон гомдол, мэдээллийн хоёр нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан, худал мэдээлэл тараасан гэсэн агуулгатай бөгөөд түүнийг нь ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж эхэлжээ. Бэлэн мөнгө тараасан байж болзошгүй гэх үйлдлийг нь ЭЦА болон харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын мөрдөгч нар хэрэг бүртгэлт хийж буй юм байна. Харин Сонгуулийн хууль зөрчсөн байж болзошгүй 80 гомдол, мэдээлэл хууль сахиулагчдад ирсний 78.8 хувь нь нийслэлд байжээ. Тэдгээрээс 45-д өдгөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бол цөөнгүй хэсгийг нь үндэслэлгүй хэмээн хаасан гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа