Сүүлийн 24 цагт нийслэлд гарсан зам тээврийн ослын талаар ОБЕГ-аас мэдээлжээ. Тодруулбал,
- 57 настай иргэн Б согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зам тээврийн осол гаргасан бөгөөд автомашин нь замын хажуу руу онхолдож, баруун хөл, цээжин хэсгээрээ дарагдсан байсныг албаныхан гаргаж, ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн гэнэ.
- Мөн 33 настай иргэн Б “Асем Вилла” хотхоноос Баянзүрхийн товчоо чиглэлийн авто замд замын хашлага мөргөж, машины бүхээгт хамт явсан эмэгтэй нь хавчуулагдсан бөгөөд албаныхан түүнийг гаргаж эмнэлэгт хүргэсэн байна. Тус тээврийн хэрэгсэлд 1-10 насны гурван хүүхэд зорчиж явсан хэмээн албаныхан мэдээллээ.
- Хан-Уул дүүрэгт байрлах “Монгол-Солонгос” коллежийн хашаанд зургаан настай хүүхэд бохир ус зайлуулах шугамын төмөр тагийн завсар хөл нь гацсан байсныг Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн гэнэ.
Зуны улиралд иргэд согтуугаар жолоо барьж зам тээврийн ноцтой осол гаргах, хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулдаг тул иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.