“Энхсаран” сувиллын гэх хэрэгт холбогдуулан нэр бүхий есөн хүнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Есөн хүний дөрөв нь тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан Д.Мөнхбат тэргүүтэй иргэд бол тав нь халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд гэнэ. Тодруулбал, “Энхсаран”-гийн удирдах албан тушаалтан, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагынхан зэрэг хүмүүст Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт заасан “Бусдын аминд аюул учруулж болзошгүй халдварт өвчний вирусийг халдаасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Д.Мөнхбат тэргүүтэй дөрвөн хүн халдвар хамгааллын дэглэм зөрчиж, амны хаалт ч зүүлгүй тусгаарлах байрны өрөөнөөс гарч, хонгилд хүмүүстэй ярилцаж байсан нь “Энхсаран”-гийн хяналтын камерын бичлэгээс тод харагдаж буй бөгөөд түүнийг нь хавтаст хэрэгт нотлох баримт болгон авчээ. Тусгаарлах байрны дэглэм зөрчиж, бусдад халдварт өвчний вирус халдаасан хэрэгт холбогдсон дөрвөн иргэн “Энхсаран” сувиллын 1-3 дугаар давхарт орших тусгаарлагдсан өрөөнөөсөө гарч, нэгдүгээр давхарт буун хүмүүстэй амны хаалтгүй уулзаж байгаа, өрөөнүүд дамжин явсныг батлах бичлэгийг хавтаст хэрэгт баталгаажуулж оруулсан байна.